Францад “COVID-19”-ийн гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал болжээ
Францын олон арван мянган иргэн “COVID-19”-ийн эрүүл мэндийн гэрчилгээг эсэргүүцэн бямба гарагт орон даяар жагссанаар ийм жагсаал дөрөв дэх долоо хоногтоо дараалан өрнөжээ.
Дотоод хэргийн яамны тооцоолсноор, 150 хотод болсон жагсаалд бямба гаргийн үдийн байдлаар 237 мянга орчим хүн оролцсон нь өмнөх долоо хоногийнхоос /204 мянга/ нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Иргэд зоогийн газар, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх, холын зайн нийтийн тээвэрт суухдаа вакцинд хамрагдсан, халдвар аваад эдгэрсэн юм уу саяхан өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах эрүүл мэндийн гэрчилгээг хэрэглэх шийдвэр хүчин төгөлдөр болоход ердөө хоёр хоногийн хугацаа үлдээд буй юм.
Энэхүү гэрчилгээг 50-иас дээш хүний багтаамж бүхий соёлын болон чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудад нэвтрэхдээ үзүүлэхийг хэдийнээ шаардаж эхэлжээ. Ийнхүү Францын эрх баригчид уг шийдвэрийг өргөтгөх баримт бичгийг пүрэв гарагт баталсан байна.
Сүүлийн гурван долоо хоног гаруйн хугацаанд жагсагчид “эрүүл мэндийн гэрчилгээ хэрэггүй”, “эрх чөлөө” хэмээн хашхирч байгаа юм. Тэдний хувьд ийм гэрчилгээ эрх чөлөөг нь хязгаарлана гэж үзэж байгаагаас гадна вакцинд хамрагдахыг хүчээр тулгаж байна хэмээн шүүмжилж байгаа ажээ.
Мөн зарим жагсагч Засгийн газар ирэх есдүгээр сарын 15-наас эрүүл мэндийн байгууллагын бүх ажилтанд “COVID-19”-ийн вакцинд заавал хамрагдах шаардлага тавихаар төлөвлөж буйг эсэргүүцэж байгаа юм байна.
Өнөөдрийн байдлаар, Францын насанд хүрсэн хүн амын 79 гаруй хувь нь вакцины эхний тунд, 68 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.