БНФУ-ын үйлчилгээний газрууд вакцины паспорттой иргэдэд үйлчилнэ

БНФУ-ын үйлчилгээний газрууд вакцины паспорттой иргэдэд үйлчилнэ

Франц улс иргэдээсээ коронавирусний вакцин хийлгэснээ гэрчлэх эрүүл мэндийн паспорт шаардаж эхэллээ. Энэ нь коронавирусний эсрэг вакцинд илүү олон хүн хамруулах, халдварын тархалтыг бууруулах зорилготой Францын засгийн газрын төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Тус улсын засгийн газрын шийдвэрээр даваа гарагаас эхлэн Францын ресторан, зоогийн газрууд үйлчлүүлэгчдээсээ заавал вакцины гэрчилгээгээ үзүүлж нэвтрэхийг шаардаж байна. Иргэд ресторан, зоогийн газарт орохдоо үүдэнд нь ухаалаг гар утсаараа QR кодоо уншуулаад нэвтрэх юм байна. Мөн энэхүү зохицуулалтын дагуу Францын иргэд нисэх онгоц болон хурдны галт тэргээр холын зайд зорчихдоо заавал коронавирусний вакцин хийлгэсэн гэрчилгээг үзүүлэх шаардлагатай болжээ.

Эрүүл мэндийн паспортыг коронавирусний вакцин хийлгэсэн, шинжилгээний сөрөг хариутай, эсвэл халдвар аваад эдгэрсэн эсэхийг харуулсан QR код хэлбэрээр гаргажээ. Харин эрүүл мэндийн шалтгаанаар коронавирусний эсрэг вакцин хийлгээгүй хүмүүс эмчээс өөр гэрчилгээ авах боломжтой юм байна. Харин Францын ард иргэд энэ шийдвэрийн талаар өөр өөр байр суурьтай байна. Зарим иргэд нь вакцин хийлгэсэн хүмүүст үйлчлэх энэ журам нь цар тахлын хүнд нөхцөлөөс улс орноо гарахад нь дэмжлэг болох чухал алхам гэж үзэж байгаа аж.

Рестораны эзэд үйлчлүүлэгчдээ нэг нэгээр нь шалгаж оруулах нь амаргүй боловч ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах сайн талтай гэж ярьжээ. Харин Францын зарим иргэд үүнийг хүний эрх чөлөөнд халдсан алхам гэж үзэж, эсэргүүцэж байна. Тэд энэ бол эрх чөлөөг эрхэмлэдэг Францын ард түмний иргэний эрхийг зөрчөөд зогсохгүй хүмүүсийг хүчээр вакцинд хамруулахад хүргэж байна гэж засгийн газрынхаа энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.