Шинэ Зеландад хөл хорио тогтоожээ
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн “COVID-19”-өөр дотоодод халдварласан тохиолдол энэ оны хоёрдугаар сараас хойш анх удаа бүртгэгдсэнтэй холбогдуулан орон даяар хөл хорио тогтоож буйг мэдэгджээ.
Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Ардерний мэдээлснээр, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд уг тохиолдлын генийн дарааллыг тогтоох шинжилгээг хийж байгаа ч хурдан халдварладаг “Дельта” хувилбараар халдварласан гэж таамаглаж байна.
Тодруулбал, Шинэ Зеландын хамгийн том хот болох Оклендын оршин суугч, 58 настай эрэгтэйн шинжилгээний хариу эерэг гарчээ. Вакцинд хамрагдаагүй байсан эрэгтэй улсын бусад хэсэгт зорчсон бөгөөд хилийн чанадтай холбоотой гэх тодорхой мэдээлэл байхгүй байна.
“Улсын хэмжээнд орон нутгийн цагаар мягмар гаргийн шөнө дундаас эхлэн гурван хоногийн турш хатуу хөл хорио тогтооно” гэж Ж.Ардерн мэдэгджээ. Ийнхүү дөрөвдүгээр түвшний хөл хорио тогтоосноор бүх иргэн гэртээ байх ёстой бөгөөд супермаркет, эмийн сан гэх мэт нэн шаардлагатай үйлчилгээнээс бусад бизнесийн үйл ажиллагааг зогсооно.
Шинэ Зеландад хамгийн сүүлд жилийн өмнө хатуу хөл хорио тогтоож байсныг Ерөнхий сайд онцлон хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.