Малын дуудлага худалдааг анх удаа амжилттай зохион байгуулав
![Малын дуудлага худалдааг анх удаа амжилттай зохион байгуулав](http://olnodo.com/media/post/2021-09/aLKUIZpBPb9LIsmIT0q0W3tcUZ7S4Fy7y8fwoMIw.png)
Малын чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэх зорилготой иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан малын дуудлага худалдаа Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт боллоо.
ХХААХҮЯ, Малын удмын сангийн үндэсний төв, ХААБ, ХААДС хамтран зохион байгуулсан дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авч Монголд нутагшуулсан гойд ашиг шимт махны чиглэлийн Ангус, Лиммузин үүлдрийн үхэр, мах-ноосны чиглэлийн нарийн ноост Меринос, Суффольк, Романов, Бирешон үүлдрийн хонийг худалдан борлуулав. Эдгээр үхрүүдийг 2012 онд, хонийг 2017 онд Франц улсаас импортолж Монголд нутагшуулжээ.
Дуудлага худалдааны үйл ажиллагааг цахимаар, олон улсын жишигт нийцүүлэн, тодорхой дүрэм журмын хүрээнд зохион байгуулж, уламжлал болгоход анхаарч байна. Мөн эрчимжсэн мал ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд, ТББ, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахад нээлттэй байгаагаа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг онцоллоо.
Энэ үйл ажиллагаанд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хэнтий зэрэг аймгаас 50 орчим аж ахуйн нэгж, иргэн оролцож, малынхаа үүлдэрлэг, таваарлаг байдлыг сайжруулах тухай мэдээлэл авлаа. Мөн дуудлага худалдаанд оролцохоор 9 иргэн, аж ахуйн нэгж бүртгүүлж, нийт 3 үхэр, нэг хонь борлуулжээ.
ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн “Өнгөрсөн найман жилд малын үүлдэр угсааг сайжруулах, гойд ашиг шимт малыг импортолж монгол оронд нутагшуулах ажил идэвхтэй байна. Энэ хугацаанд ХХААХҮЯ 17.5 тэрбум төгрөгийг малын үүлдэр угсааг сайжруулахад зарцууллаа. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч өнгөрсөн 5 жилд 20 гаруй тэрбум төгрөгөөр импортоор цэвэр үүлдрийн гойд ашиг шимт малыг авсан. Анхны дуудлага худалдаа учир алдаа оноо, ололт амжилт аль аль нь байгаа байх. Дараа алдаагаа засаж сайжруулан, ололтоо нэмж уламжлал болгон зохион байгуулна” хэмээсэн байна.
ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын чанар, ашиг шимийг сайжруулах бодлогын талаар ярихдаа, “ХХААХҮЯ мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх, малыг тооноос чанарт шилжүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын эдийн засгийн голлох салбар болсон уламжлалт, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж байна. Монгол малынхаа чанарыг уламжлалт хэвээр нь хадгалж, олон улсад таниулж, төвийн бүсэд эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлнэ. Мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг малын үүлдэр бүрд төрөлжүүлэн үржүүлж, хууль эрх зүйн хувьд, санхүү хөрөнгө оруулалтаар дэмжинэ. Мах, сүүний чиглэлийн үхэр, хонины аж ахуйг дэмжихдээ ашиг шимтэй, Монголд нутагшин үржих боломжтой малыг импортлон, цөм сүрэг, цэвэр чигээр нь ашиглаж буй аж ахуйн нэгжийг татварын хөнгөлөлт эдлүүлэх алхам хийнэ. Гахай, шувууны аж ахуйг ч дэмжинэ. Хуурай сүүний импортыг тэглэхэд анхаарч, 2025 он хүртэл үе шаттай хэрэгжүүлнэ" гэсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.