Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хил хамгаалах ерөнхий газрын ажилтай танилцлаа
![Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хил хамгаалах ерөнхий газрын ажилтай танилцлаа](http://olnodo.com/media/post/2021-09/HxYpPnMwN2H8agr8vqviMHi5t0QsBX2bo4OuLkYl.jpeg)
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хил хамгаалах ерөнхий газрын ажилтай өнөөдөр танилцлаа.
Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Х.Лхагвасүрэн тэргүүтэй удирдлагууд байгууллагын үйл ажиллагаа, тусгай техник хэрэгслийг Ерөнхийлөгчид танилцуулав. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын алба хаагчид, бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уудам дэлгэр эх орныхоо 8252 км 658 м урттай дархан хилийн халдашгүй дархан байдлыг амаргүй нөхцөлд нэр төртэй хамгаалж байгаа хилчиддээ гүн талархал дэвшүүллээ.
“Хил хамгаалах алба бол бие сэтгэлийн их тэнхээ, тэвчээр, сонор сэрэмжтэй, байнгын бэлэн байдалд байхыг шаардсан ажил алба” гэдгийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тодотгож, Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил, бахархал төлөвшүүлэх бүх нийтийн үйлсэд хилийн цэрэг манлайлан оролцох хэрэгтэй гэлээ.
Мөн хил хамгаалах байгууллагын хөгжлийг таваас арван жилээр төлөвлөж, дунд болон урт хугацааны бодлого, чиглэлээ тодорхойлсон баримт бичгийг боловсруулж, ойрын үед батлуулах шаардлагатайг хэлэв. Түүнчлэн техник технологийн шинэ ололт, цахим хяналт, инновацын шийдлийг хүний үйл ажиллагаатай хослуулан хэрэглэх нь хуурай газрын асар урт хилийн шугамтай манай орны хувьд туйлын чухал гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хил хамгаалах байгууллага, анги салбаруудад хариуцлага, сахилга бат, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг сануулж, хэрэг зөрчлүүдийг таслан зогсоох ажил өрнүүлж, үр дүнг нь илтгэхийг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагад үүрэг болголоо.
Ташрамд дурдахад, Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Хилчдийн өдөр” энэ сарын 17-ны өдөр тохионо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.