БНСУ-д “5G” сүлжээ хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байна
БНСУ-ын хөдөлгөөнт холбооны хэрэглэгчдийн дөрөвний нэг орчим нь “5G” сүлжээ ашиглаж байна гэж тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яамнаас өнөөдөр танилцуулсан тайланд мэдээлжээ.
Тодруулбал, наймдугаар сарын эцсийн байдлаар “5G” хэрэглэгчдийн тоо 17.8 саяд хүрсэн нь улсын хөдөлгөөнт холбооны 71.9 сая хэрэглэгчийн 24.8 хувьтай тэнцэж байна. БНСУ нь 51 сая хүн амтай ч зарим хүн олон гар утас ашигладаг.
“5G” сүлжээний хэрэглэгчдийн тоог хамгийн сүүлд долоодугаар сард танилцуулах үед 17 сая орчимд хүрээд байв. Тийнхүү наймдугаар сард “Samsung Electronics” компани “Galaxy Z Fold3”, “Galaxy Z Flip3” шинэ гар утаснуудаа танилцуулсантай зэрэгцэн хэрэглэгчдийн тоо ийнхүү эрс нэмэгджээ.
“Samsung”-ийн эвхэгддэг загварын шинэ ухаалаг гар утаснууд нь дотоодын зах зээлд нэлээд нэр хүндтэй байгаа бөгөөд даваа гаргийн байдлаар борлуулалтынх нь хэмжээ нэг саяд хүрсэн байна.
БНСУ-д “5G” сүлжээг 2019 оны дөрөвдүгээр сард анх нэвтрүүлсэн ч хэрэглэгчдийн уг сүлжээ рүү шилжих үйл явц урьдчилан таамаглаж байснаас удаашралтай байна. “5G” сүлжээний хамрах хүрээ одоогоор нийслэл Сөүл тэргүүтэй бусад томоохон хотуудаар хязгаарлагдаж байгаа ч ирэх он гэхэд орон даяар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.