БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хамт олон, удирдлагууд мөн БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй монголчууд та бүхэндээ Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг салбарынхаа хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэн мэндчилж байна.
Та бүхэн монгол хүнээ гэсэн төрийн бодлогыг хилийн чанадад өргөж яваа бахархам сайхан үйлстэй хамт олон. Эх орондоо байгаа хүмүүст төрийн үйлчилгээ үзүүлнэ гэдэг нэг хэрэг. Харин хүний нутагт аж төрж буй монгол ахан дүүстээ төрийн нэрийн өмнөөс үйлчилнэ, тэдний эрх ашгийг хамгаална, тусалж дэмжинэ гэдэг бас өөр хэрэг. Хууль ёсны үйлчилгээнээс гадна хүн ёсны харилцаа, эерэг хандлага, өөриймсөг сэтгэл та бүхний ажил үйлсэд багагүй жин дардаг нь талархам сайхан.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх, боломжит үйлчилгээнүүдийг цахимд шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ бодлого эхнээсээ богино хугацаанд хэрэгжиж чамлахааргүй үр дүнд хүрч байгааг төрийн үйлчилгээнд нэвтэрч буй цахим шинэчлэлүүдээс харж болно. Ялангуяа, хөдөлмөр эрхлэлт, халамж, нийгмийн даатгалын олон арван үйлчилгээг иргэд гэрээсээ, гар утаснаасаа авдаг болсон. Энэ шинэчлэлийг үргэлжлүүлэхэд, цаашид шинэ шийдлээр баяжуулж үр өгөөжийг нь гадаадад оршин суугаа монгол иргэддээ хүргэхэд та бүхний санаачилга, туршлага, үүрэг, оролцоо их гэдгийг онцлон хэлье.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн хамт олон та бүхэн монголчууддаа үйлчилгээ үзүүлэхээс гадна БНСУ-ын хөгжил, технологийн дэвшил, төрийн үйлчилгээний стандарт, давуу талуудыг олж харж, авч болох сайн туршлагуудыг шингээх, цаашлаад эх орондоо нутагшуулах чиглэлд санаа тавьж ажиллах нь ирэх он жилүүдийн ажил үйлсийн тань нэг хэсэг байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхний маань ажил амьдрал өөдлөн дэвжиж, үйлс зорилго тань өргөжин дэлгэрэхийг хүсэн ерөөе!
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд монгол хүндээ үзүүлсэн төрийн үйлчилгээ, тэдэнд тусалж дэмжсэн ажил үйлс, халуун сэтгэл тань эерэг сайхнаар эргэн хурах болтугай!
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн АРИУНЗАЯА
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.