Хятадын эх газарт “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрчээ

Хятадын эх газарт “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрчээ

Хятадын эх газарт “COVID-19”-ийн хурдан халдварладаг “омикрон” хувилбарын анхны тохиолдол даваа гарагт Тяньжин хотод илэрчээ.

Тяньжин хотын Эрүүл мэндийн хорооноос даваа гарагт мэдээлснээр, зөөвөрлөгдөн ирсэн, шинж тэмдэггүй халдвар тээгч “омикрон” хувилбараар халдварласныг тогтоосон байна. Өвчтөн тус хотод пүрэв гарагт ирсэн бөгөөд онош нь тодрох үед хилийн чанадаас ирсэн хүмүүст тавьж буй заавал тусгаарлагдах журмыг баримталж байжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд ороод буй “омикрон” хувилбар Өмнөд Африкт анх илэрснээсээ хойш 50 гаруй улс оронд бүртгэгдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор олон орон хилийн хязгаарлалтын дүрэм журам, зорчих хөдөлгөөний хоригийг дахин тогтоож эхлээд байна.

Хятадад сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 101 тохиолдол илэрснээс 80 нь дотоодод халдварлаж, 21 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ. Тус улсад “дельта” хувилбар давамгайлан тархсан хэвээр байгаа юм. Тодруулбал, зүүн эргийн Жэжян мужийн гурван хотод дотоодод халдварласан 74 тохиолдол илэрсэн бол хойд нутгийн Өвөр Монголын Манжуур хотод таван тохиолдол, баруун хойд нутгийн Шэньси мужийн Сиань хотод нэг тохиолдол тус тус илэрсэн байна.

Хятадын холбогдох албаны төлөөлөгчид шинэ “омикрон” хувилбарын тохиолдол илрэх магадлал өндөр байгааг урьд нь мэдээлж байсан ч иргэдийг шинжилгээнд хамруулах нарийн чанд дэглэм нь халдварын аливаа тохиолдлыг илрүүлж, “COVID-19”-ийг тэглэх стратеги халдварын тархалтыг зогсооно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

Хятадын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Жорж Гао Фу энэ сарын эхээр, “Манай вакцинууд “омикрон”-ы эсрэг үйлчилсэн хэвээр байх ч үр дүн нь буурах төлөвтэй байна. Хэдий хэмжээгээр буурахыг нь хэлэхэд эрт байна” гэж мэдээлсэн байна.  

Мөн Хятадын “Brii Biosciences” компанийн ням гарагт хийсэн мэдэгдэлд дурдсанаар, лабораторийн судалгаагаар “COVID-19”-ийн эсрэг биетийн коктейль “омикрон” хувилбарын эсрэг үйлчилгээ үзүүлж байгаа ч дангаар нь туршихад эсрэг биетүүдийн нэгийнх нь үйлчилгээ ихээхэн буурсан дүн үзүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.