БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын бүгд хуралдаан өндөрлөжээ

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын бүгд хуралдаан өндөрлөжээ

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын найм дахь Төв хорооны дөрөвдүгээр бүгд хуралдаан 12 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд үргэлжилж, улиран одож буй оны нам, төрийн бодлогын хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэхийн сацуу хөгжлийн шинэ чиглэл удирдамжийг гаргалаа.

 

 

БНАСАУ-ын удирдагч, Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Ун хуралдааныг даргалан явуулжээ. Тэрбээр наймдугаар их хурлын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх эхний жил болох 2021 онд өрнөсөн нам, төрийн ажилд үнэлгээ дүгнэлт хийж, бүгд хуралдааныг хийх гол зорилго, түүний ач холбогдлын талаар мэдэгдэл хийсэн байна.

 

Хуралдаанд намын Төв хорооны гишүүд, орлогч гишүүд, тус хорооны хэлтсүүдийн төлөөлөгчид оролцсоноос гадна яамд, үндэсний хүрээлэн, мужийн түвшний удирдах байгууллагууд, хот, тойрог, аж үйлдвэрийн томоохон байгууллагуудын өндөр албан тушаалтнууд, холбогдох гол салбаруудын төлөөлөгчид ажиглагчаар оролцжээ.

 

Энэ онд төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй урагшлуулсан нь социализмын хөгжил дэвшил, хүчин чадавхыг тод томруунаар харуулсан явдал болжээ. Тухайлбал, Сонгсин, Сонгхва бүсэд 10 мянган айлын орон сууц барих ажил дуусах шатандаа орж байгаа нь таван жилийн төлөвлөгөө хэрэгжих хугацаанд нийслэлийн орон сууцны асуудлыг бүрэн шийдэх бололцоотойг харуулсан үйл явдал болжээ. Хөдөлмийн намын Төв хороо улиран одож буй онд гарсан ахиц дэвшлүүдийн тухайд, эдийн засгаа тогтворжуулах, байгалийн хатуу ширүүн үзэгдлүүдэд нэрвэгдсэнийг үл харгалзан бие даан хөгжих арга замуудыг нээн хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэжээ.

 

Ерөнхий нарийн бичгийн дарга энэ онд намын их хурлын эрх мэдлийг тууштай хамгаалахын төлөө бүх ард түмэн нэгдмэл байж, дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргасныг сайшаасны сацуу 2021 оныг социалист бүтээн байгуулалтын түүхэнд тодрон үлдэх бахархалтай ялалтын жил болгон алдаршуулахын төлөө тууштай, няцашгүй хичээл зүтгэл гаргасан намын нийт гишүүд, хөдөлмөрчид, үйлчилгээний ажилтнуудыг намын Төв хорооны нэрийн өмнөөс өндрөөр үнэлсэн байна. 

 

Ким Жөн Ун нам, төрийн 2022 онд хийх ажлын үндсэн чиглэлийг тодорхойлж, социалист бүтээн байгуулалтыг шинэчлэн хөгжүүлэхийн төлөөх тэмцлийн бодлого, зарчмын асуудлуудыг тодруулжээ. Тухайлбал, ирэх онд нам, ард түмний өмнө тулгамдаж буй гол ажил бол таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх баталгааг бүрдүүлж, улсын хөгжил, ард түмний амьжиргааны түвшинд дорвитой өөрчлөлт гаргах гэдгийг онцолсон байна. Мөн аж үйлдвэрийн гол салбаруудад хэрэгжүүлэх томоохон ажлуудыг нарийвчлан тодорхойлжээ. Үүний зэрэгцээ Солонгосын хойг, олон улсын нөхцөл байдал нь улсын батлан хамгаалах чадавхыг улам бэхжүүлэх шаардлагатайг харуулж байгааг цохон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.