Казахстаны ерөнхийлөгч анхааруулалгүй буудах эрхийг зэвсэгт хүчиндээ өгчээ
Казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев өнөөдөр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ “террористууд” руу анхааруулга өгөлгүй гал нээх эрхийг зэвсэгт хүчиндээ өгсөн тухай мэдэгджээ.
“Зөвхөн засаг захиргааны барилга байгууламжууд биш, иргэдийн хувийн өмч хөрөнгө рүү дээрэмчид халдаж байна. Тэд олон зуун энгийн иргэн, алба хаагчдын амь нас, эрүүл мэндийн талаар огт бодолцохгүй байна. Хохирогчдын ар гэр, хайртай дотнын хүмүүст би гүн эмгэнэлээ илэрхийлье” гэж Токаев хэлсэн байна.
Эрх баригчид тэмцэгчдийн тайван замаар илэрхийлсэн бүх шаардлагыг хүлээж авч байгаа ч террористуудтай хэлэлцээ хийх ямар ч төлөвлөгөө байхгүйг Токаев бас мэдэгджээ.
“Асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдэхийг гадаад ертөнцөөс бидэнд уриалж байна. Гэхдээ ямар тэнэг нь гэмт хэрэгтнүүд, алуурчидтай хэлэлцээ хийх юм бэ? Бууж өгөөгүй бүгдийг устгах болно” гэж тэр хэлсэн байна.
Түүний хэлснээр зөвхөн Алматы хотод 20,000 орчим “террорист болон дээрэмчид” байгаа ба тэдний дотор гадаадын харьяат этгээдүүд ч байгаа гэнэ.
Үгийнхээ төгсгөлд Токаев цэргийн тусламж хүсэхэд нь “шуурхай, нөхөрсөг хариу” өгсөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: РИА Новости
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.