Шадар сайд асан Ц.Оюунбаатарт ГАВЬЯАТ ХУУЛЬЧ цол хүртээлээ
Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой өчигдөр /2022.01.13/ тохиосон билээ.
Тэгвэл Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, өчигдөр төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн юм.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан, “Говийн хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагын тэргүүн Цэрэндашийн Оюунбаатар гавьяат хуульч цол хүртсэн байна.
Тэрбээр 1977 онд Улаанбаатар хотын Хууль цаазын дунд сургууль, 1984 онд Иванов хотын их сургууль, 1994 онд Москва хотын их сургуулийг хуульч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эрх зүйн болон бизнесийн магистр, доктор цолтой.
Ц.Оюунбаатар 1977-1979 онд Дорноговь аймагт сум дундын прокурор, 1984-1986 онд Завхан аймгийн прокурорын орлогч, 1986-1990 онд Завхан аймгийн прокурор, 1990-1992 онд Улсын прокурорын ерөнхий хяналтын газрын дарга, 1992-2008 онд Удирдлагын академид ахлах багш, дэд профессор, 1999-2000 онд "Талх чихэр" ХК-ийн ерөнхий захирал, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын дарга, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2008-2010 онд Улсын татварын ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан. Харин 2012 оноос МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар 2014 оны арванхоёрдугаар сар хүртэл УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан.
Тэрбээр Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одон, “Алтан гадас” одон, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдаж байжээ.
Харин Монголын төр түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.