БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 8571 батлагдав.
Өмнөд Солонгост өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 8,571 шинэ тохиолдол батлагдсан нь тус улсад нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш тус улсын өдөр тутмын тохиолдлын тоо нь 8,000-аас давсан анхны тохиолдол болж байгаа юм. Тус үзүүлэлт өнгөрсөн долоо хоногт огцом өсөж, 1 дүгээр сарын 17-нд 3,857 байсан бол өнөөдөр 8,571 болтлоо нэмэгджээ.
БНСУ-д "Омикрон" хувилбар коронавирусийн давамгайлсан омог болсныг тус улсын Засгийн газар өнгөрөгч даваа гарагт мэдэгдсэн билээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар, халдварын тохиолдол ирэх 2 дугаар сарын эхээр өдөрт 20 мянгад хүрч, цаашлаад 100 мянга хүртэл нэмэгдэж болзошгүй аж.
"Омикрон"-ы тархалтыг зогсоохын тулд орон нутгийн эрх баригчид шинэ дүрэм журмыг нэвтрүүлж байгаа бөгөөд өндөр настан, суурь өвчтэй иргэд зэрэг өндөр эрсдэлтэй хүмүүсийн халдварыг эрт илрүүлж, шуурхай эмчлэхэд чиглэж байгаа юм.
Одоогийн байдлаар тус улсад 749,979 хүн цар тахлаар өвчлөн, 6,588 хүн нас бараад байна. Мөн нийт 52 сая хүн амын 85.4 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан бол 49.8 хувь нь нэмэлт тунд хамрагджээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.