БНАСАУ он гарснаас хойш долоо дахь удаагаа пуужин харавжээ.
БНАСАУ-ын Чагандо мужаас Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан талаар “Yonhap” агентлаг БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдэгдлээс эш татан мэдээлэв.
Пуужин харвасан тухай мэдээллийг мөн Японы эргийн хамгаалалтын алба нотолсон байна.
Пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. “Цэргийнхний мэдээлснээр, Умард Солонгос өнөө өглөө баллистик пуужин харвасан байж магадгүй. Пуужин 800 километрийн зайг туулж, нислэгийн дээд өндөр нь 2000 километрт хүрсэн гэж бид үзэж байна. Нислэгийн хугацаа 30 минут орчим байсан бөгөөд пуужин Японы эдийн засгийн онцгой бүсээс гадна унасан. Одоогоор ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл гараагүй байна” гэж тэрбээр хэлжээ.
Японы Засгийн газар мөн пуужин харвасантай холбогдуулан БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
БНАСАУ он гарснаас хойш долоо дахь удаагаа пуужин харваж байгаа юм. Тус улс өмнө нь нэгдүгээр сарын 5, 11, 14-нд пуужин харвасан. Эхний хоёр туршилтын үеэр дуунаас хурдан пуужин харвасан гэж мэдэгдсэн бол нэгдүгээр сарын 14-нд ойрын тусгалтай хоёр баллистик пуужинг төмөр замын пуужингийн цогцолбороос харвасан байна. Дараа нь нэгдүгээр сарын 17, 27-нд ойрын тусгалтай, алсаас удирддаг тактикийн пуужин туршжээ. Нэгдүгээр сарын 25-ны өдөр алсын тусгалтай хоёр далавчит пуужин харвасан нь баллистик пуужингийн туршилтаас ялгаатай нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчөөгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.