БНХАУ-ын дарга Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзлаа

БНХАУ-ын дарга Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Бээжин хот дахь Ардын их танхимд ням гарагт уулзлаа.

Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж буйгаа уламжлахыг хүсжээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг түүнд дамжуулжээ.

БНХАУ-ын дарга хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд ахиулах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн байна.

Тэрбээр Хятад, Монгол Улс харилцан бие биеийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэж, бие биеийн үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэх хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.

Мөн БНХАУ Монгол Улстай дээд түвшний хэлхээ холбоогоо хадгалж, засаглалын туршлагаа хуваалцаж, хоёр орны харилцааг баяжуулах хүсэлтэй байгааг хэлсэн байна.

Ши Жиньпин мөн Хятад, Монгол хоёр талын хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн тэрбээр “COVID-19” цар тахлын дэгдэлтийн үед талууд бие биедээ хонь хандивлаж, цай бэлэглэсэн явдлыг дурсаад, эдгээр нь хоёр талын найрамдлыг шинэ шатанд гаргасан гэж хэллээ.

Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Бээжин-2022” өвлийн олимпыг цар тахлын хүнд үед зохион байгуулж буй нь цар тахлыг ялан дийлэх итгэл найдварыг дэлхий дахинд өгч байгааг онцлов.

Олимпын наадмыг энх тайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг хэмээн тэрбээр тодорхойлоод, улс төржүүлэх ёсгүй гэдгийг онцлон хэлсэн байна.

Мөн хүнд цаг үед Монгол Улсад “COVID-19”-ийн вакцин нийлүүлсэнд талархал илэрхийлээд, Хятад улсыг үнэ цэнтэй хөршөө хэмээн тодорхойлжээ.

Монгол Улс Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Бүс ба Зам” санаачилга, Хятадын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулах хүсэлтэй байгааг мөн илэрхийлсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ Хятад, Монголын харилцааг олон улсын харилцааны гайхалтай үлгэр жишээ болгоход бэлэн байна гэв.

Тэрбээр мөн Монгол Ардын намын даргын хувиар Хятадын Коммунист намын 100 жилийн ойд дахин баяр хүргээд, тус намын 20 дугаар их хуралд амжилт хүсжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.