В.Путин, Ж.Байден нар Украины асуудлаар нэг цаг гаруй ярилцжээ

В.Путин, Ж.Байден нар Украины асуудлаар нэг цаг гаруй ярилцжээ

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар цаг гаруй ярилцлаа. Яриа хэлцээ тэнцвэртэй, ажил хэрэгч болсон гэж Оросын удирдагчийн туслах Юрий Ушаков мэдээлжээ.

“Энэ удаагийн яриа хэлцээ ОХУ Украин руу гарцаагүй халдана гэх Америкийн албаныхны урьд өмнө байгаагүй хийрхлийн уур амьсгалд болсон" гэж тэрбээр нэмж хэлжээ. Түүний хэлснээр “хийрхэл дээд цэгтээ хүрсэн байна”.

Америкчууд нөхцөл байдлыг зохиомлоор хурцатгаж, "халдлага болох өдрийг хүртэл товлож" байгаагийн зэрэгцээ холбоотнуудтайгаа хамт "Украины цэргийн хүчийг хөөрөгдөж байна" гэж Ю.Ушаковын онцлон тэмдэглэжээ.

“Довтлох гэж байна гэх мэдээлэлтэй зэрэгцэн Украины Зэвсэгт хүчин өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж болзошгүй нөхцөл бүрдэж байна. Бид энэ нөхцөл байдлыг ингэж дүгнэж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах хэлсэн байна.

Түүний мэдээлснээр, Ж.Байден хүлээж байсанчлан Украин руу довтолбол ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна гэдгийг  дахин дурдсан ч энэ асуудалд онцын ач холбогдол өгөөгүй аж.

Хариуд нь В.Путин Москва, Вашингтон, НАТО-гийн харилцааны хөгжлийн түүхийн талаар сануулжээ.

"Утсаар ярих үеэрээ В.Путин "манай хоёр том гүрэн өрсөлдөгч хэвээр байгаа ч тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахын тулд бүхнийг хийх ёстойг" онцлон тэмдэглэсэн. Украиныг Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тал дээр Барууны орнууд хүчин чармайлт гаргахгүй байгааг Оросын удирдагч мөн онцлов. Москва "Украиныг тойрсон өнөөгийн нөхцөл байдал хамгийн муу хувилбараар даамжрахаас зайлсхийхийн тулд боломжтой бүхнийг хийхийг уриалж байна"" гэж Ю.Ушаков эцэст нь мэдэгджээ.

Харин Цагаан ордон мэдээлэхдээ, бямба гаргийн орой АНУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын удирдагчтай нэг цаг орчим утсаар ярихдаа Украин руу халдсан тохиолдолд "АНУ холбоотон, түншүүдийнхээ хамт шийдвэртэй хариу арга хэмжээ авна гэдгийг мэдэгдлээ гэсэн байна. "АНУ дипломат харилцаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаа ч "бусад хувилбаруудад ч мөн бэлэн байгааг" Ж.Байден Ерөнхийлөгч В.Путинд тодорхой хэлсэн гэж мэдээлэлд онцолжээ.

Бямба гарагт мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар утсаар ярьсан байна. Т.Блинкен “Украиныг тойрсон хямралыг хэлэлцэхээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд руу утсаар ярьсан” гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ.

Үүний дараахан Пентагон хоёр орны Батлан хамгаалахын сайд нар утсаар ярьсан талаар мэдээлсэн байна. Америкийн цэргийн байгууллагаас гаргасан товч мэдээнд, “тэд Крым болон Украины эргэн тойронд ОХУ цэргийн хүчээ зузаатгаж байгаа талаар хэлэлцлээ” гэжээ.

Энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой дахин утсаар ярьсан байна. Кремлийн хэвлэлийн албаны мэдээллээр, хоёр удирдагчийн яриа нэг цаг 40 минут үргэлжилсэн бөгөөд мөн л Украиныг тойрсон хямралыг хэлэлцжээ.

Э.Макрон В.Путинтэй ярьсныхаа дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй холбогдсон гэж Зеленскийгийн Тамгын газар мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.