УИХ: Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулагдана

УИХ: Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулагдана

Хөгжлийн банкинд үүссэн асуудлаар Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан Сэтгүүлчдийн төлөөлөл болон Хөгжлийн банкны асуудлыг хариуцсан Ажлын хэсгийн гишүүдийн төлөөллийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан, санал солилцож, ажлын хэсэгт тодорхой үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан.  Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдэд  Б. Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд багтан, ажиллаж буй.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 17-нд эхний дүгнэлтээ танилцуулах бол 21-нд эцсийн дүгнэлтээ гаргана.   Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараагаар уг асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Нийтийн сонсголын тухай хуулиар 14 хоногийн өмнө олон нийтэд нээлттэй зарлаж, 30 хоногийн дотор зохион байгуулах ёстой. Тиймээс Нээлттэй сонсголыг гуравдугаар сарын эхний долоо хоногт багтаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Уулзалтын эхэнд  “Энэ бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлууд. 2015 онд УИХ-ын  Ажлын хэсгийн дүгнэлт гарч байсан. 2018 онд ЗГХЭГ-ын Хяналт шалгалтын удирдамж баталсан.   Хөгжлийн банкинд  2019 онд Аудитын газар, ЗГХЭГ-аас  шалгалт  хийгдэж, 2020 онд Сангийн яам, 2021 онд Монгол банк шалгаж, дүгнэлтүүд нь эцэслэгдэж, 10 жилийн турш яригдаж байсан боловч одоо олны дэмжлэг авч нэлээн чухал асуудал болж байна. Олон талын хамтын ажиллагаа, та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн байдлаар 50 гаруй тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна. Нэгдүгээр улиралдаа багтаад 200 гаруй тэрбум төгрөг төлөгдөхөөр график, төлөвлөгөө хийгдээд, амлалт үүрэг аваад ажиллаж байгаа юм байна.

Хууль хяналтын байгууллагуудаар АТГ-т 10, Эрүүгийн Цагдаагийн газарт 3,  Дүүргийн цагдаагийн газарт 2, шүүхэд 25, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт 8, хяналтын шатанд 6 хэрэг шалгагдаж байна. 

Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа  байнгын хороо хуралдаад Нээлттэй сонсгол зохион байгуулах чиглэлийг нэгдүгээр сарын 31-ний өдрийн захирамжаар ажлын хэсэгт чиглэл болгосон. 

Ажлын хэсэг  22 хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу анхны ерөнхий хяналтын Нээлттэй сонсгол зохион байгуулагдах гэж байна гэж ойлговол зохино” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. 

Уулзалтад оролцсон сэтгүүлчид энэ үеэр Нээлттэй хэлэлцүүлгээр яригдсан асуудлуудын талаар нэгдсэн мэдээлэл өгөхийн зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөгжлийн банкинд үүссэн асуудлаар хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхийн зэрэгцээ асуудлыг хар цагаанаар нь ялгах шаардлагатай. Ном журмаар нь зээл аваад зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хэлмэгдүүлж болохгүй.  Харин зээлийг зориулалт бусаар ашигласан, улстөрийн хамааралтай хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой" гэсэн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.