Зүүн Европт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэт эрт сулруулахгүй байхыг уриалжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Зүүн Европын орнуудад коронавирусний “омикрон” хувилбар тархаж байгаа тул халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдийг хэт эрт сулруулахгүй байхыг Засгийн газруудад уриалжээ.
ДЭМБ-ын Европын бүсийн асуудал хариуцсан дарга Ханс Клюгийн мэдэгдсэнээр, Зүүн Европт “омикрон” хувилбарын давлагаа нүүрлээд байгаагаас гадна “дельта” хувилбар үргэлжлэн тархсаар байгаа нь хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах цаг болоогүй гэдгийг харуулж байна.
Х.Клюге Европын бүсэд вакцинцуулалтын түвшин эрс ялгаатай байгааг онцлоод, Европын зүүн хэсгийн орнуудад халдвартай тэмцэх арга хэмжээнүүдээ сулруулж буй баруун хэсгийн орнуудын жишгийг дагахгүй байхыг уриалсан байна. Харин түүний оронд вакцинжуулалтыг түргэтгэж, өөрийгөө шинжлэх, хамгаалахыг хөхиүлэн дэмжиж, батлагдсан эмчилгээний хүртээмжийг өргөжүүлэхийг уриалжээ.
“ДЭМБ-ын Европын бүсэд өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын 165 сая гаруй тохиолдол илэрч, 1.8 сая хүн халдвараар нас барсны 25 мянга нь өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн" гэж Х.Клюге мэдээлжээ. Тэрбээр мөн “омикрон” хувилбарын давлагаа урьдчилан таамаглаж байсанчлан зүүн хэсгийн орнууд руу шилжиж байгааг цохон тэмдэглэсэн байна.
Европын бүсийн асуудал хариуцсан даргын мэдээлснээр, зүүн хэсгийн орнуудад “COVID-19” вакцинжуулалтын үзүүлэлт сул байгаа бөгөөд тухайлбал, Босни-Херцеговин, Болгар зэрэг улсад 60-аас дээш насны хүн амын 40 хүрэхгүй хувь нь вакцинд хамрагдаад байна.
“Вакцинжуулалт нь “COVID-19”-ийн одоогоор тархаж буй бүх хувилбараар халдварлан хүндээр өвчлөх, улмаар нас барахаас сэргийлэх хамгийн сайн хамгаалалт хэвээр байгаа ч маш олон хүн вакцинд хамрагдаагүй тул өндөр эрсдэлтэйд тооцогдсон хэвээр байна" гэж тэрбээр нэмж хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.