НҮБ-аас ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг буруушаав

НҮБ-аас ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг буруушаав

НҮБ-аас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигийг буруушаасан мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлд Украины Донецк, Луганск мужуудын зарим бүс нутгийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай шийдвэр гаргасан нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг зөрчсөн үйлдэл байна гэжээ.

Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш, "Байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох, энгийн иргэд болон иргэний дэд бүтцийг хамгаалах, Украин болон түүний эргэн тойронд аюултай нөхцөл байдлыг улам хурцатгаж болзошгүй аливаа үйлдэл мэдэгдлээс урьдчилан сэргийлэх, дипломат харилцааг нэн тэргүүнд шийдвэрлэхэд хүчин чармайлтаа төвлөрүүлэхийг холбогдох бүх оролцогчдод уриалж байна" гэж мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Даваа гарагт Украины зүүн хэсгийн салан тусгаарлах үзэлтэй бүс нутгуудад "энх тайван байдлыг сахиулах" үүрэг даалгавар өгч, Кремль тус бүс нутгийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараа үүссэн хурцадмал байдал улам хурцдаж, хориг арга хэмжээ авахыг анхааруулж, олон улсын зүгээс буруушааж байна. Харин Австралийн ерөнхий сайд Скот Моррисон Тасманид хийж байгаа айлчлалынхаа үеэр, "ОХУ-ын цэргүүд энхийг сахиулах ажиллагаа явуулж байна гэх нь утгагүй, ОХУ нэн даруй ухрах ёстой" гэв.

Тэрбээр, "Владимир Путины энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор салан тусгаарлагчдын бүс нутаг руу цэргээ илгээж байна гэсэн мэдэгдлийг үгүйсгэж байна. Тэд энхийг сахиулах гэсэн нэрээр цэрэг оруулах нь байж боломжгүй  явдал" гэж онцолжээ. 

Австралийн ерөнхий сайд Скот Моррисон, "Дипломат хүчин чармайлт нь хүчирхийллийн сөргөлдөөнөөс зайлсхийж чадна" гэж найдаж байгаагаа хэлээд, "ОХУ-ын эсрэг яаралтай хориг арга хэмжээ авахын тулд бусад улстай эвсэх  болно" гэв.

Мөн тэрбээр "ОХУ ямар ч болзолгүйгээр ухрах ёстой" гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.