Токиогийн Олимпыг хойшлуулсантай холбогдуулан тэмцээнүүдийн хуваарийг өөрчилнө

Токиогийн Олимпын наадмыг коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсантай холбоотойгоор олон улсын спортын байгууллагууд ирэх онд зохион байгуулах тэмцээнүүдийнхээ хуваарийг өөрчилж эхэлжээ.
Токиогийн Олимпыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохион байгуулах шийдвэр энэ долоо хоногийн даваа гарагт гарсан юм.
Олон улсын усан сэлэлтийн холбоо Японы Фүкүока мужид ирэх оны долдугаар сарын 16-наас зохион байгуулахаар товлосон усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийхээ хуваарийг дахин хэлэлцэж эхэлжээ. “Бид оновтой шийдэлд хүрэхийн тулд 2021 оны ДАШТ-ийг зохион байгуулагчид болон бусад холбогдох төлөөлөгчидтэй зөвлөлдөнө гэж Олон улсын усан сэлэлтийн холбооноос мэдээлжээ.
Мөн Дэлхийн бадминтоны холбоо ирэх оны наймдугаар сард Испанид болох ДАШТ-ийн товыг өөрчилнө гэдгээ мэдэгдсэн байна. Үүнээс гадна Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо Токиогийн Олимпын шинэ тов гарсантай холбогдуулан 2021 оны наймдугаар сарын 6-наас АНУ-д эхлэх ДАШТ-ээ 2022 он хүртэл хойшлуулна гэдгээ хэдийн мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.