Хөрөнгийн биржүүд ихээхэн алдагдал хүлээлээ

Хөрөнгийн биржүүд ихээхэн алдагдал хүлээлээ

Дэлхийн даяарх хөрөнгийн биржүүд коронавирусний халдварын улмаас энэ оны эхний гурван сард ихээхэн алдагдал хүлээжээ.


Dow”, “FTSE” индекс 1987 оноос хойш нэг улиралд хамгийн их уналт үзүүлж, 23, 25 хувиар тус тус унасан байна. Мөн “S&P 500” индекс өнгөрсөн улиралд 20 орчим хувийн уналт үзүүлсэн нь 2008 оноос хойших хамгийн их бууралт болжээ.


Эрх баригчид коронавирусний халдварын тархалтыг сааруулах үүднээс ихэнх үйл ажиллагааг зогсоох үүрэг өгсний дараа дээрх уналтууд ажиглагдсан байна.


Дэлхийн эдийн засагт санхүүгийн хямралаас илүү их хохирол учрах төлөвтэй байгааг эдийн засагчид анхааруулсаар байна. Тухайлбал, “IHS Markit” судалгааны компани дэлхийн эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.8 хувиар агшина хэмээн таамаглажээ. 2009 онд уг үзүүлэлт 1.7 хувиар унаж байсан юм.


Түүнчлэн уг нөхцөл байдалд бүх улс орон өртөх төлөвтэй байна. “IHS Markit”-ын таамаглаж буйгаар, Хятадын эдийн засаг 2 хувиар, Их Британийн эдийн засаг 4.5 хувиар өсөх төлөвтэй байгаа бол Итали болон бусад улс орны эдийн засаг улам их саарах төлөвтэй байна.


“Бид дэлхийн эдийн засгийн 2020 оны өсөлтийн төлөв сөрөг байгаад, ялангуяа хөгжиж буй орнууд, бага орлоготой орнуудын үзүүлэлтүүд буурах төлөвтэй байгаад санаа зовниж байна” гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева мягмар гарагт мэдэгджээ.


Мөн АНУ-д ажилгүйдлийн түвшин ирэх гурван сард 32 гаруй хувиар өсөж, 47 сая гаруй хүн ажлын байраа алдаж болзошгүй байгааг тус улсын мэргэжилтнүүд сануулсан байна.


Дэлхийн хэмжээнд олон индекс энэ оны эхэн үеийнхээсээ 20 гаруй хувиар буураад байна. Мөн эрэлт багасаж, олборлогчдын дунд үнийн дайн дэгдсэний улмаас нефтийн үнэ ихээхэн унасан нь санхүүгийн зах зээлд олон асуудал үүсэхэд нөлөөлжээ.


Харин Засгийн газрууд үүссэн нөхцөл байдлыг зохицуулахын тулд тусламжийн сан байгуулна гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд зарим хувьцааны ханш өсжээ. Мягмар гарагт “FTSE” 2 хувиар, Германы “Dax”, Францын “CAC 40” индекс тус тус өсөлт үзүүлсэн байна.


Гэсэн хэдий ч АНУ-ын гол индексүүдийн хувьд тогтворгүй байдал үргэлжилж, “Dow” 1.8 хувиар, “S&P 500” 1.6 хувиар, “Nasdaq” 1 орчим хувиар буурчээ. 


Үүний зэрэгцээ өнгөрсөн улиралд эрчим хүч, санхүүгийн фирмүүд мөн сул үзүүлэлт үзүүлсний зэрэгцээ дэлгүүрүүд хаагдсаны улмаас борлуулалт огцом буурсан тул жижиглэн худалдаа эрхлэгчид хамгийн их алдагдал хүлээсэн байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.