Х.Нямбаатар: Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг энэ сард нээнэ

Х.Нямбаатар: Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг энэ сард нээнэ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай ажлыг нэн даруй хэрэгжүүлэх баг “Шивээхүрэн-Сэхээ” боомтын ажилтай танилцлаа.

Тус багийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм. Монгол Улсын нүүрсний экспортын хоёр дахь том гарц болсон “Шивээхүрэн -Сэхээ” боомт цар тахлын улмаас өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ажиллаагүй. Долоон сая орчим тонн нүүрс тус боомтод хуримтлагджээ. Ажлын багийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон албаны төлөөлөл тус боомтыг хэвийн ажиллагаанд оруулах бэлтгэл ажилтай танилцаж байна.

БНХАУ-ын талаас тавьсан халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, шинээр PCR шинжилгээний хоёр лаборатори байгуулжээ. Мөн чингэлэг тээврээр нүүрс экспортлох  бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.

Ажлын багийн гишүүд, нүүрс эскпортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болон Монгол Улсаас  БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг нар боомтын үйл ажиллагааг нээхэд тулгарч буй асуудлуудаар санал солилцлоо. Ажлын багийн ахлагч Х.Нямбаатар “Энэ сардаа багтааж “Шивээхүрэн -Сэхээ” боомтын үйл ажиллагааг нээж нүүрс экспортыг эхлүүлнэ. Эхний ээлжинд хуримтлагдаад буй нүүрсийг богино хугацаанд экспортлохоор төлөвлөж байна” гэв. Цаашид тус боомтын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд хэд хэдэн зүйл дээр БНХАУ-ын талтай тохиролцжээ.

Тус ажлын хэсэг “Цагаан дэл уул-Өлзий”  болон Гашуунсухайт боомтод үргэлжүүлэн ажиллана. Шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд дээрх боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх олон ажил хийж буй юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.