"Москва" байлдааны хөлөг Хар далайд живсэн
ОХУ Украинд цөмийн цохилт өгч болзошгүй байдалд дэлхий бэлтгэлтэй байх ёстой гэж Украины Ерөнхийлөгч Зеленский баасан гарагт мэдэгдлээ.
Киевт зорин очиж, Украины Ерөнхийлөгчтэй ярилцлага хийсэн CNN-ийн сэтгүүлч Жейк Таппер АНУ-ын Тагнуулын төв газрын дарга пүрэв гарагт “Оросыг дайралтандаа тактикийн цөмийн зэвсэг ашиглаж магадгүй” гэсэн тухайд Зеленский хэр санаа зовниж байгааг асуужээ.
Хариуд нь "Зөвхөн би ч биш, дэлхий тэр аяараа, бүх улс орон санаа зовох ёстой, учир нь энэ бодит мэдээлэл биш боловч үнэн байж болох юм" гэж Зеленский тухайлан англиар хариулсан байна. "Бид айх бус, харин бэлэн байх ёстой гэж бодож байна. Гэхдээ энэ бол ганц Украинд хамаатай асуудал биш, дэлхий нийтэд хамаатай гэж бодож байна" гэж тэрбээр хариулжээ.
Түүнээс мөн Оросын үнэ цэнтэй байлдааны хөлөг "Москва" живсэн талаар асуусан байна. Хөлгийг Украины хоёр пуужингаар харвасан гэх мэдээлэлд Зеленский шууд хариулт хэлээгүй байна. "Тэр онгоц нэгэнт үгүй болсон гэдгийг бид мэднэ. Тус хөлөг онгоц манай улсын эсрэг хүчтэй зэвсэг байсан тул живсэн нь бидний хувьд эмгэнэл биш. Манай улс руу дайрсан Оросын зэвсэг багасах тусмаа бидэнд сайн” гэж тэрбээр хариулжээ.
Орос, Украины албаныхан "Москва" байлдааны хөлөг Хар далайд хэрхэн живсэн тухайд зөрчилдөөнтэй байр суурьтай байгаа. Оросын БХЯ шуурганы үеэр Москва" хөлөг онгоцонд байсан сум галд өртөж шатсаны дараа живсэн гэж байгаа бол, Украинчууд пуужингууд нь ноцтой хохирол учруулсан гэж үзэж байна.
АНУ-ын Батлан хамгаалах яам Украины “Нептун” нэрт хөлөг онгоц эсэргүүцэх хоёр пуужин Оросын Хар тэнгисийн флотын тэргүүлэгч хөлөг онгоцыг оносон бололтой гэж мэдэгдсэн. Үүний зэрэгцээ бусад талын эх сурвалжууд "Москва" байлдааны хөлөг живсэн нь зөвхөн бэлгэдлийн чанартай нөлөө үзүүлнэ гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.