И Гун эх орондоо эмчлүүлэхээр БНСУ-д харих гэж байгаа
Украины гадаадын цэргүүдийн тусгай ангид элсэж, ОХУ-ын эсрэг байлдаж байсан Өмнөд Солонгосын тусгай ангийн ахмад асан И Гун шархдан, Украины эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар бид мэдээлсэн.
Тэгвэл И Гун эх орондоо эмчлүүлэхээр БНСУ-д харих гэж байгаа нь тодорхой болжээ. Энэ сарын 19-нд Украин дахь гадаад цэргийн ангийн төлөөлөгч олон нийтийн сүлжээгээр “Зэвсэг барьсан ахан дүү, анд нөхөр минь болох ахмад И Гун тулааны талбарт шархадсан. Тэрээр Украины цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаад нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхийн тулд эх орондоо харих боллоо” гэж мэдээллээ. Гэхдээ И Гун цэргийн ангиа бүр мөсөн орхиж байгаа хэрэг биш гэдгийг онцлон “Тэрээр удахгүй албандаа эргэн ирэх болно. Чадах чинээгээрээ хурдан Украинд ирэх болно. И Гун чиний дэмжлэгэд бид баярлаж явдаг. Хурдан эдгэрээд эргэн ирэхийг чинь хүлээж суугаа шүү” гэж мэдэгдсэн байна.
Гэвч И Гун ахмад Украинд очихдоо БНСУ-ын хэд хэдэн хуулийг зөрчсөн тул нисэх буудалд буугаад баривчлагдах магадлал тун өндөр байгаа. Өмнөд Солонгосын Засгийн газраас түүний паспортыг хоёрдугаар сард хүчингүй болгосон ч гуравдугаар сард нь нууцаар хил даван, Украинд очсон нь паспорт, хилийн хууль зөрсөн хэрэгт тооцогдож байгаа юм.
И Гун ахмад өөрөө ч энэ талаар “БНСУ-ын хууль үнэхээр хачирхалтай. Намайг харихад дайнд оролцсно гэдэг шалтгаанаар л нисэх буудалд буунгуут баривчлах байх. Би Украины Засгийн газраас албан бичиг захидал авсан ч энэ баримтууд Шүүх дээр хэрэг болох эсэхийг мэдэхгүй. Өмгөөлөгч байгаа ч би тамд хоригдох эрсдэл өндөр. Гэхдээ би Украины төлөө тулалдсандаа баяртай байгаа, харамсдаггүй” гэж ярьж байсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.