С.Энхболд дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дараах мэдээлэл хийв.

С.Энхболд дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дараах мэдээлэл хийв.

УИХ-ынн Түр хорооны /Ковид-19/ өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын одоогийн нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо.

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Коронавирусын тархалтын одоогийн нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дараах мэдээлэл хийв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 2022 оны 5 дугаар сарын сүүлийн 7 хоногт  коронавируст халдвар өмнөх 7 хоногтой харьцуулахад 3 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Дэлхийн хүн амын дунд нийт 3.7 сая хүн өвчилж, 9.000 хүн нас барсан нь өмнөх долоо хоногтой харьцуулбал 11 хувиар буурсан. (5 дугаар сарын эхний долоо хоногт 4.6 сая хүн өвчилж, 15.000 хүн нас барсан).

Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа коронавируст халдварын тохиолдлын нийт  тоо буурсан хэдий ч Хойд Америкийн бүс нутагт 9 хувиар, Газар дундын тэнгисийн зүүн талын орнуудад 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нас баралт дэлхийн хэмжээнд буурсан ч Номхон далайн баруун бүсийн орнуудад 18 хувиар Африкт 15 хувиар, Америк тивд 13 хувиар тус тус өссөн байна.

Дэлхий дахинд КОВИД-19 халдварын эсрэг шинэ вакцин, эмийн хөгжүүлэлтийг хийсээр байна. Дэлхийн вакцины 5 том үйлдвэрлэгчийн нэг Новавакс компани нь  жилд 1 удаа тарих Томуу болон Ковид-19 халдварын эсрэг хосолсон тунтай вакцины туршилтыг хийж эхэлсэн ба эхний үр дүн сайн гарч, тус компани нь дэлхийн хүн ам жилд 1 удаа намар тарьдаг энэхүү вакциныг хийлгэдэг болно хэмээн зарласан байна.

Дэлхий дээр өдөр бүр олон сая хүн халдвар авч байгаа ба байгалийн жамаараа вирус тасралтгүй мутацид орсоор байна. Энэхүү мутациас халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөртэй хувилбар гарч ирэх нь цаг хугацааны асуудал бөгөөд дийлэнх эрдэмтэд ийм хувилбар намар гарч ирнэ хэмээн тооцож байна.

Ирэх намраас 60 наснаас дээш хүн амаа КОВИД-19 халдварын эсрэг нэмэлт тунд хамруулах шийдвэрийг дэлхийн олон орон гаргаад байна.

ДЭМБ-ын зүгээс КОВИД-19 цартахлын хариу арга хэмжээ ба бэлэн байдлын зураглал архитекторыг өөрчлөн гишүүн орнуудаас санал авахаар 2022 оны 4 дүгээр сард гишүүн орнууддаа илгээсэн.

Энэхүү зураглал нь Засаглал манлайлал, эрх зүйн орчин, хариуцлага, систем  тандалт, зөв мэдээлэлтэй хүн ам ба иргэдийн оролцоо, эмнэлгийн тусламж, хариу арга хэмжээ, санхүүжилт, удаан хугацааны тогтвортой байдал, яаралтай үеийн нөөц санхүүжилт гэсэн үндсэн бүлгүүдээс тогтож байгаа нь манай улсын нөхцөл байдал, шаардлагатай ижил байна.

Европын холбооны зүгээс гишүүн орнууддаа ирэх намрын давалгаанд зориулсан зөвлөмжийг 2022 оны  4 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн. Зөвлөмжид вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, тандалт өргөжүүлэх, цар тахлын дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэх, иргэдийг зөв мэдээллээр хангах, эмийн хангамж нөөцийг нэмэгдүүлэх, шинэ эм, вакцины хөгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар тусгажээ.

Манай улсын хувьд бид дараагийн давалгаанд бэлтгэн хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа ба вакцины нэмэлт тунгийн судалгаа, вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, эмийн нөөцийг бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган чадавхаа улам сайжруулах ажлуудыг хийж байна гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ынн гишүүн М.Оюунчимэг вирусын шинэ хувилбар гарах магадлал өндөр байна гэсэн мэдээлэл байна. Манай орны иргэдийн дийлэнх нь гурван тун хийлгэсэн, цус өтгөрөх магадлал өндөр байгаа тул үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулав. Мөн ирж буй урин дулаан цагт иргэдийн дунд маск зүүх эсэх талаар хоёрдмол байр суурьтай байгаа тул үүнд тодорхой мэдээлэл өгөхийг хүсэв.

С.Энхболд сайд өгсөн хариултдаа, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд оношилгоо, эмчилгээний удирдамжийг тухай бүр шинэчилсэн, тус удирдамжид цус шингэлэх эмчилгээг тусгаад явсан. Улсын гуравдугаар эмнэлэгт зүрх болон мэдрэлийн чиглэлээр лавлагаа, тусламж үзүүлэх үндэсний төв байгуулсан. Цар тахал болон өвчлөлтэй холбогдуулан судалгааны ажлууд гадаад, дотоодын байгууллагуудтай хийж байна. Ялангуяа вакцины гурав дахь дөрөв дэх тунгуудын судалгаанууд нэлээн эрчимтэй хийгдэж байгаа. Олон хүн цугларсан газарт маск зүүх зөвлөмжийг холбогдох газруудад тогтмол хүргүүлж байгаа гэв.

УИХ-ынн гишүүн Б.Бейсен Эрүүл мэндийн байгууллага сайн ажилласан болохыг тэмдэглэж, цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд эрүүл мэндийн байгууллагын хэчнээн ажилтан ковидоор өвчилсөн, хэдэн эх эндсэн талаар тодруулав. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл хариултдаа, 2020, 2021 онуудад 46 эх ковидын улмаас эндсэн гэсэн нэгдсэн тоо бүртгэгдсэн. Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын нийт 15.897 ажилтан ковидоор өвдсөн, энэ нь нийт өвчлөлийн 1.7 хувийг эзэлж байна гэв.

Түр хорооны дарга Б.Баттөмөр тус Түр хороо энэ хаврын чуулганы хугацаанд дахин хуралдаж, КОВИД-19 халдварын эсрэг авсан арга хэмжээний хүрээнд санхүүжилтийн талаарх мэдээлэл сонсохоор төлөвлөж байна гэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ынн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.