Дэлхийн соронзон туйлын байрлал үе үе өөрчлөгддөг байна

Дэлхийн соронзон туйлын байрлал үе үе өөрчлөгддөг байна

Сүүлийн есөн мянган жилд Дэлхийн соронзон орны хүч хэд хэдэн удаа мэдэгдэхүйц суларч байжээ. Энэ нь ер бусын соронзон үзэгдэл гарахад хүргэж байсан гэж “PNAS” сэтгүүлд бичжээ.

Хамгийн сүүлд ийм үзэгдэл 2.5 мянга орчим жилийн өмнө болж байсан аж. Геофизикчдийн үзэж буйгаар Дэлхийн соронзон туйлын байрлал үе үе өөрчлөгддөг байна.

Сүүлийн хэдэн зуунд манай гарагийн соронзон орны хүч буурч байгааг эрдэмтэд саяхан тогтоожээ. Энэ үзэгдэл Атлантикийн өмнөд хэсэг, Бразилын эрэг дагуу болон Африкт идэвхтэй ажиглагдаж байна. Судлаачдын онцолсноор энэ бүсийн соронзон орон, дээгүүр нь өнгөрөх хиймэл дагуулыг сансрын туяаны үйлчилгээ, цэнэгт хэсгүүдээс хамгаалж чадахгүй хүртлээ сул болжээ. Геологичид ийм үзэгдэл урьд өмнө нь тохиож байсан эсэхийг судалсан байна. Энэ зорилгоор эрдэмтэд сүүлийн есөн мянган жилд Дэлхийн соронзон орны хүчинд гарч байсан өөрчлөлтүүдийг тооцоолжээ. Үүний дүнд манай гараг хэд хэдэн удаа ийм үзэгдэлтэй нүүр тулж байсан болохыг тогтоожээ. Ойролцоогоор 7-8 мянган жилийн өмнө буюу соёл иргэншил үүсэхээс өмнө хамгийн удаан бөгөөд огцом уналт ажиглагдсан байна.

Соронзон орны хүч суларч, манай гарагийн соронзон төв тэнхлэгээс ихээхэн холдоход ер бусын соронзон үзэгдэл Дэлхийн янз бүрийн бүсэд ойр ойрхон тохиодог байна. Дэлхийн соронзон орны хүч аажмаар нэмэгдэх үед буюу 300-400 жилийн дараа Бразилын эрэг болон Өмнөд Африкийн Лимпопо гол орчим гарч буй өөрчлөлтүүд арилна гэж эрдэмтэд үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.