Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нар боловсруулж, өнгөрсөн сарын 27-нд өргөн мэдүүлсэн юм. УИХ-аас 2017 онд орон даяар зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийг, 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгох талаар саналаа илэрхийлсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар хууль, дүрэм цөөнгүй боловч төрийн албаны бүх түвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө бага, зохицуулалт сул, ёс зүйн зөрчил маргааныг хянан шийдвэрлэх тогтолцоо, сайтар боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх хууль зүйн механизм үгүйлэгдэж байна. Иймд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулах, төрийн албан хаагчдын сахин мөрдөх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтоох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулти асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг төрийн үйлчилгээг ард түмэндээ хүргэхдээ иргэнээ хүндэтгэж харьцдаг төрийн албан хаагчтай байх гарцаагүй шаардлагатай хэмээв. Төрийн албан хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг, асуудлыг нь шийддэг зүйл, заалт шаардлагатай байгааг онцоллоо.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Энэ хуулийн төсөлд төрийн албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах тодорхой зүйл заалт тусгасан. Гомдол гаргагч, зөрчилд холбогдсон төрийн албан хаагч дээд шатандаа давж асуудлаа тавих боломжийг нээж өгсөн. Үүний зэрэгцээ гомдол гаргах асуудлуудад тодорхой шаардлага тавьан. Ёс зүйн зөрчлийн хариуцлага тооцох асуудлыг ямар байдлаар шийдэхийг нэлээн нарийвчилж зааж өгсөн. Төрийн албан хаагчдын цалин, ханагмжийн асуудлыг төр бодлогоор анхаарч авч үзэхгүй бол гомдол, санал их байна” гэлээ. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, хариуцлага алдсан дээд шатны албан тушаалтан биш доод шатандаа хариуцлага тооцдог байдал бий болчих вий гэж болгоомжлол төрж байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Албан тушаалтан өөрөө хариуцлаг хүлээх соёл түгээх, уучлалт гуйх боломжийг нээж өгч байгаа юм. Ёс зүйн хариуцлага хүлээхээс гадна урьдчилан сэргийлэх заалтыг тусгаж өгсөн. Бид дээрээс буюу төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх ёстой. Энэ зарчимд нийцүүлэн УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг баталж, хэрэгжүүлж байна. Энэ хуульд эрх бүхий албан тушаалтнуудын эрхийг хамгаалсан, харъяанд ажилладаг албан хаагчдаа шавхуурддаг, ажлаас халдаг, санаа нийлээгүй хүмүүсээ ажлаас зайлуулдаг байдлаас сэргийлсэн тодорхой хамгаалалтын зохицуулалт оруулж өгсөн” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир төрийн алба цалин багатай ч асар өндөр хариуцлага хүлээдэг гэдгийг онцлов. Тэрбээр, “Ёс зүйн асуудал хүний хүмүүжил төлөвшилтэй холбоотой. Төрийн албанд оруут нь хүмүүжүүлж, ёс зүйтэй байлгах нь өрөөсгөл. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын хууль дүрэм, журмаа өөрчлөх болжээ. 30 тест бөглөж буй, түүнд тухайн хүний хэн бэ, ямар ёс зүйтэй вэ гэдгийг төрийн албаны шалгалтаар нотолж чадахгүй” хэмээв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Төрийн албаны шалгуур өндөр, цалин нийгмийн баталгаа бага байна гэдэгтэй санал нэг байна. Төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах хэрэгтэй. Хууль тогтоогч нар авч хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг хөндөж ярьж буй нь чухал. Төрийн албанд ажиллахаар шийдсэн бол төрийн албаны үнэт зүйлс гэж юу вэ, цаашилбал тавигдаж буй нийтлэг хэм хэмжээ, шаардлагуудад нийцэж ажиллах ёстой” хэмээв.

Хуулийн төслийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.4 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Ес зүй, сахилга, хариуцлагын байнгын хороонд шилжүүллээ. Чуулганаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.