Чингис хот-Ульхан боомтын 248.3 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт эхэллээ

Чингис хот-Ульхан боомтын 248.3 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд улсын хэмжээнд хилийн 14 боомтыг авто болон төмөр замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлэн  ажиллаж байгаа.

 

Эдгээрийн нэг нь Хэнтий аймгийн Чингис-Бэрх-Ульхан боомтын 318.3 км авто замын бүтээн байгуулалт юм. Уг авто замын эхний 70 км буюу Чингис-Бэрхийн хатуу хучилттай авто зам бэлэн болсон. Үүний үргэлжлэл 248.3 км авто замын төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин суманд өнөөдөр ажиллахдаа бүтээн байгуулалтыг нь эхлүүллээ.

Хэнтий аймгийн аялал жуулчлалын гол маршрут болох Чингис хот-Ульхан хилийн боомтын энэхүү 248.3 км хатуу хучилттай авто замаас Өндөрхаан-Норовлингийн 130.6 км хатуу хучилттай авто замын багц 1-р хэсгийн 68.6 км авто замыг “Наранбулаг-хан” ХХК, багц 2-р хэсгийн 62 км авто замыг “Мотор сервис” ХХК, Норовлин-Баян-уулын 68.3 км авто замыг “Монгол зам групп” ХХК тус тус хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан, барилгын ажлаа эхлүүлээд байна.

Чингис хот-Батноров-Норовлин-Дорнод аймгийн Баян-Уул-Ульханы улсын чанартай авто зам ашиглалтад орсноор зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд Ульхан хилийн боомттой шууд холбогдоно.

Чита мужаар дамжин ОХУ-тай хатуу хучилттай авто замаар холбогдсон хилийн боомтын тоо нэгээр нэмэгдэж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд ОХУ-руу  аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай боломж бүрдэх юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.