Ө.Отгонбаатар МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Ө.Отгонбаатар МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн XVIII Их хурал өнөөдөр (2022.07.06) Нийслэлийн иргэний танхимд боллоо. 

Энэ удаагийн Их хурлаар тус байгууллагын үйл ажиллагааг дүгнэж, хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо хэлэлцсэнээс гадна тэргүүнээ шинээр сонгов. 

МСНЭ-ийн ерөнхийлөгчид УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн ба 1951 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн МСНЭ-ийн Их хуралд оролцуулахаар 310 сэтгүүлчид мандат тарааснаас 256 төлөөлөгч оролцож, удирдлагыг сонгох сонгуульд саналаа өгчээ .

Дөнгөж сая санал хураалтын дүнг танилцуулахад, 136 төлөөлөгчийн саналаар буюу 53.1 хувийн илүүгээр ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тодруулбал, санал хураалтаар Л.Нинжжамц 85, М.Батхишиг 38 төлөөлөгчийн санал авчээ. 

МСНЭ-ийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ө.Отгонбаатар "Ирэх 4 жил, 8 жилийн ажил хийж гүйцэтгэнэ. Итгэлийг зүтгэлээр хариулна. Хамт өрсөлдсөн хоёр эрхмээ удирдлагын багтаа урьж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.