УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалаа.

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалаа.

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалаа. Хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр, "Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган хуулийн дагуу ажлын 80 хоног хуралдаж, бие даасан 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 314, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 3, нийт 341 хууль, 44 тогтоол баталснаар ийнхүү өндөрлөж байна. Хаврын чуулган дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан, хөрш орнуудын хил гааль тодорхой хугацаанд хязгаарлагдсан, олон улсад геополитикийн хурцадмал байдал үүссэн хүндрэл бэрхшээлтэй цаг үед хуралдлаа. Дээрх шалтгаануудын улмаас улсын эдийн засаг агшиж, үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадвар, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал даамжрах нөхцөлийг бий болгож байна.

Инфляц 2021 оны эхний хагасаас хойших нэг жилийн дотор 2.4 дахин өсөж, улсын хэмжээнд 15.1 хувьд, Улаанбаатар хотод 16.2 хувьд хүрч өссөн. Энэ бол сүүлийн 10 жилд гараагүй өндөр өсөлт юм. Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн байна. Тиймээс энэ оны 4 дүгээр сард Улсын Их Хурлаас үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлээр хууль баталсан. Инфляцыг бууруулах, үнийн өсөлтийн иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас Эдийн засгийн байнгын хорооны дарга Жамбалын Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийг саяхан байгууллаа. Ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эрчимжүүлэх, иргэдийн амьжиргаа, орлого, худалдан авах чадвар, хөдөлмөр эрхлэлтийг эрсдэлээс хамгаалах бодлого, шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх, Засгийн газарт үүрэг чиглэл өгөх болно. Хямралт байдлаас яаж хурдан, ямар оновчтой арга замаар гарах вэ гэдэгт төр, засгийн байгууллагууд, үүрэг хүлээсэн албан тушаалтнууд арга ухаанаа сүвэгчилж, эдийн засгаа өсгөх, үйлдвэрлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулалтын гадаад, дотоод орчныг сайжруулах цэгцтэй бодлого дэвшүүлж, мэдэгдэхүйц үр дүнд хүргэх нь нэн чухал боллоо.

Иймээс Улсын Их Хурал үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг хамгаалах асуудалд завсарлагааны хугацаа буюу энэ зуны турш тууштай анхаарч ажиллах болно. Уул уурхайн зарим орд газруудаа яаралтай эргэлтэд оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа хэлэлцэж, үр өгөөжийг ард иргэддээ хүртээмжтэй болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллах шаардлагатай. Бидэнд амрах, аялах цаг зав байхааргүй онцгой үе тохиож байгааг ард иргэдээсээ эхлээд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд ойлгон ухамсарлана гэдэгт итгэж байна. Ажлын хэсгүүдээс холбогдох хууль, тогтоолын төсөл боловсруулж, шийдэл олсон шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ч боломжтой.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг Улсын Их Хурал баталсан. Энэ хуулиар төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагууд санхүүгийн сахилга батыг чанд сахих асуудлыг тусгайлан журамлаж, хангамж үйлчилгээ, хөрөнгө оруулалт, бараа, үйлчилгээний худалдан авалтад хориглох зүйлсийг тодорхойлсон. Мөн үрэлгэн байдлыг хязгаарлах, бүх шатанд  хэмнэлтийн горимыг мөрдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Энэ хуулийн заалт нэг бүрийг ягштал хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хэрвээ хэрэгжүүлээгүй бол хариуцлага хүлээлгэж, ил тод мэдээлэх ёстой.

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамж, нийлүүлэлтийн хомстол үүсгэхгүй байх үүднээс Засгийн газраас цогц төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр заасан. Хуулийн хэрэгжилт хэр үр дүнд хүрч байгааг шалган дүгнэж, намрын чуулганд танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Улсын Их Хурал импортоор оруулж ирэх элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааг гаалийн татвараас чөлөөлж, эх орны үйлдвэрийн түүхий эдээр үйлдвэрлэсэн ургамлын тос, дотоодын хүнсний үйлдвэрт борлуулсан тосны ургамлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө.

Хүн амаа цэвэр, аюулгүй хүнсээр хүртээмжтэй хангах нь манай улсын үндэсний аюулгүй байдлын нэг гол баталгаа мөн. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай” тогтоолыг УИХ хэлэлцэж баталсан. Энэ тогтоолыг бүрэн хэрэгжүүлж чадвал хүнс үйлдвэрлэгчдээ урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр дэмжиж, мэргэжлийн чадварлаг хүний нөөцтэй болж, мал амьтны халдварт болон гоц халдварт өвчнөөс ангижирч, ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнс экспортлогч орон болох зорилт хангагдана. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгыг холбогдох бүх байгууллагууд, ард нийтээрээ бүрэн дэмжиж, идэвхтэй, санаачилгатай ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Иймээс Улсын Их Хурлаас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Жадамбын Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан Түр хороог байгууллаа. Түр хороо зуны хугацаанд хүнсний үйлдвэрлэлээ дэмжих, намрын ургац хураалтын бэлтгэл хангах, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. 

2022 оны хаврын ээлжит чуулган УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа шинэ шатанд гарсан чуулган боллоо. Чуулганы хугацаанд Хянан шалгах түр хороо 3, Хяналт шалгалтын 4 ажлын баг  байгуулсан. Нийтдээ 4 түр хороо, 19 ажлын баг ажиллаж байна. Хөгжлийн банкны хэрэг, эмийн чанар, хуурамч болон стандартын бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, хилийн боомтууд, чөлөөт бүсийн үйл ажиллагаа зэрэг улс орон, ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хөндсөн асуудлуудаар байгуулсан Түр хороодын ажлын үр дүнг Улсын Их Хурал намрын чуулганаараа хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргах болно. Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиудын хэрэгжилт, хүний эрх, эрх чөлөөг хангах, барилгын дотор орчны агаарын чанар зэрэг асуудлаар нийтийн сонсгол зохион байгууллаа. Нийт 18 бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхээр шийдвэрлэснээс 13-ыг нь бүрэн хэрэгжүүлж, холбогдох Байнгын хороо, албан тушаалтнуудад хүргүүлээд байна.

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд учирч буй хүнд суртал, саад бэрхшээлийг багасгахад энэ удаагийн чуулган анхаарлаа хандуулсан. Энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Тендерийн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Төрөөс аливаа зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгож, цахимаар зохион байгуулах, хэн нэгэн албан тушаалтан дураараа зөвшөөрөл бий болгох болон зөвшөөрлийн тоо, төрлийг нэмэгдүүлэхийг хориглох заалтыг Зөвшөөрлийн тухай хуульд тусгасан. Энэхүү хуулиар төрөөс олгодог зөвшөөрлийн тоог 5 дахин буурууллаа. Эдгээр эрх зүйн шинэ орчин нь хүнд суртал, зардал чирэгдлийг мэдэгдэхүйц багасгаж, цаашлаад авлига, албан тушаалын гэмт хэрэг буурах, манай улсын авлигын индекс болон эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирна гэдэгт итгэж байна.

Монголчууд бид Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойгоо тэмдэглэх гэж байна. Цар тахлын улмаас монгол түмэн наадмаа үндсэндээ 3 жил тэмдэглэж чадаагүй. Тиймээс ард олноороо сэтгэл тэнэгэр, өргөн дэлгэр, шударга, сайхан наадах таатай нөхцөлийг бүрдүүлэх талаар Баяр наадмын комисс онцгой анхаарах нь чухал байна. Улсын Их Хурал Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Үүгээр үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдааны маргаантай асуудлуудыг хуулийн хүрээнд цэгцэлсэн гэж үзэж байна. Улсын Их Хурлын Эрхэм гишүүд Та бүхэнд болон Монголынхоо нийт ард түмэнд, дэлхий даяар тархан суугаа монголчууддаа Ардын хувьсгалын 100, 101 жил, Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье.

Хотол түмнээрээ сайхан наадаарай. Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье" хэмээв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.