БНАСАУ долоо хоногт дөрвөн удаа пуужин харважээ
БНАСАУ бямба гарагт ахин баллистик пуужин харваснаар долоо хоногийн дотор хамгийн олон буюу дөрвөн удаагийн туршилт хийсэн талаар Японы Засгийн газар мэдээлжээ. Эдгээр үйлдэл нь АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулийг эсэргүүцэж буйн илэрхийлэл бололтой байна.
БНАСАУ өнгөрсөн ням гаргаас хойш НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин Япон тэнгис рүү гурван удаа баллистик пуужин харвасан нь энэ он гарсаар ийм хугацаанд хийсэн хамгийн олон туршилт болоод байсан юм.
БНСУ-ын цэргийнхний мэдээлснээр, Пёньян хотын Сунан бүсээс бямба гаргийн өглөөний 6:45, 7:03 цагийн орчимд ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан байна. Дөрөв дэх туршилтыг БНСУ, АНУ-ын сургуулилалтад Япон улс оролцсоноос нэг хоногийн дараа хийжээ.
“Пуужингуудын нислэгийн өндөр 50 орчим км байсан бөгөөд ойролцоогоор 350-400 км зайд нисэн Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бололтой байна” гэж Японы Батлан хамгаалахын дэд сайд Ино Тоширо сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн тэрбээр тэдгээрийг стандарт бус траектороор ниссэн байж магадгүй гэж хэлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Япон улс Бээжин хот дахь Элчин сайдын яамаараа дамжуулан БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн байна.
“Ийм үйлдэл нь зөвхөн Япон улсын төдийгүй бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна” гэж И.Тоширо мэдэгджээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын хувьд цэргийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “БНАСАУ цөмийн зэвсэг, пуужинтай болох улайрсан хүсэл зоригоосоо татгалзаагүй байгааг" онцлоод, Сөүл Пёньяны өдөөн хатгалгыг сөрөн зогсохын тулд АНУ-тай эвслээ бэхжүүлнэ гэдгийг нэмж хэлсэн байна.
АНУ, БНСУ Япон тэнгист сүүлийн таван жил орчмын хугацаан дахь анхны цэргийн хамтарсан сургуулиа өнгөрсөн долоо хоногийн даваагаас пүрэв гаргийн хооронд хийсэн юм.
БНСУ-ын цэргийнхний мэдээллээр, пуужингууд ойролцоогоор 350 км зайд дуунаас зургаа дахин хурдан ниссэн бөгөөд нислэгийн өндөр 30 км байжээ. Ингэснээр БНАСАУ энэ он гарсаар далавчит пуужингийн туршилтыг оролцуулаад нийтдээ 22 дахь удаагаа пуужин харвасан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.