БНАСАУ 2022 онд 27 удаагийн пуужингийн туршилт хийжээ
БНАСАУ цөмийн долоо дахь туршилтаа явуулах бэлтгэлээ бүрэн базаасан гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл мягмар гарагт мэдэгджээ.
БНАСАУ цөмийн туршилтын “бэлтгэлээ бүрэн базаасан бололтой байна” гэж Юн Сок Ёл Үндэсний ассамблейд үг хэлэх үеэрээ тэмдэглэсэн байна. БНАСАУ-ыг 2017 оны есдүгээр сараас хойших анхны цөмийн туршилтаа удахгүй явуулж магадгүй гэж шинжээчид таамаглах болоод байгаа юм.
Мөн Юн Сок Ёл Пёньяны сүүлийн үед “урьд хожид үзэгдээгүй” олноор явуулсан баллистик пуужингийн туршилтууд нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж байгааг шүүмжилсэн байна. Энэ он гарсаар БНАСАУ нийтдээ 27 удаагийн пуужингийн туршилт хийжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ пуужин харваж байгааг олон улсын хамтын нийгэмлэгийн эсрэг “халз дайралт” хийсэн явдал гэж тодорхойлоод, БНСУ, АНУ тус улсын цөмийн болон пуужин хөгжүүлэх хөтөлбөрийн учруулах аюул заналыг тогтоон барихын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдгийг амласан байна.
Солонгосын хойгт хурцадмал байдал үргэлжилсээр байгаа бөгөөд даваа гаргийн үүрээр Умард болон Өмнөд Солонгос Шар тэнгис дэх маргаантай бүсийн орчимд харилцан анхааруулах гал нээсэн байна. Мөн даваа гарагт Сөүл, Вашингтон Шар тэнгист хоёр орны арми, нисэх хүчин, эргийн хамгаалалтын алба хаагчдыг оролцуулсан дөрвөн өдрийн тэнгисийн хамтарсан сургуулилалтыг эхлүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.