БНСУ-д МУ-ын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал Улсын Их Хурлын даргын түвшинд найман жилийн дараа болж буйг онцолсон юм.
Ноён Ким Жин Пё хоёр улсын ойр дотны найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар хөгжүүлэхэд онцгой анхаарч, тогтвортой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хоёр талын парламент, парламент дахь найрамдлын бүлгүүд идэвх санаачилгатай ажиллахын чухлыг тэмдэглэлээ. Тэрбээр “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" байгуулах, хөрөнгө оруулалтын баталгааг хангах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн харилцааг өргөжүүлэхийн чухлыг дурдав.
Монгол Улс байгалийн баялаг арвинтай бол БНСУ технологи, инновац, аж үйлдвэрлэлийн өндөр хөгжилтэй бөгөөд эдгээр давуу талдаа түшиглэн эдийн засгийн харилцааг дараагийн шинэ түвшинд гаргах нь чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд хоёр улсын хамтарсан “Газрын ховор элементийн судалгааны төв” байгуулахаар болсон хэмээн онцлоод парламентаас дэмжиж ажиллахыг хүслээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг улам төгөлдөржүүлэх хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхэд парламентын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтаар талууд түүх, соёл, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.