БНСУ-ын Ерөнхий сайд тус улсад ажиллаж, амьдардаг монгол иргэдийн визийг хөнгөвчлөхөд анхаарахаа илэрхийллээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр (2022.10.28) тус улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-тай уулзав.
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ нь Монгол Улсын Стратегийн түнш, гуравдагч хөрш болохыг тэмдэглээд түүх, соёлын хувьд нягт холбоотой БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Хоёр улсын найрсаг харилцаанд тулгуурлан эдийн засгийн харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид улам тэлэхэд эрх зүйн орчныг бэхжүүлэх нь чухал бөгөөд парламентаас дэмжиж ажиллана гэв.
Түүнчлэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг “түгээгч” хэмээх нэрээр олонд танигдсан Ерөнхий сайд Хан Дог Сү-г Монгол, Солонгосын эдийн засгийн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд, нэн ялангуяа “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (EPA)-ийг байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа Улсын Их Хурлын дарга илэрхийлсэн юм.
БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургуулиас хамтран зохион байгуулж буй “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" олон улсын чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатартай хамтран оролцсондоо баяртай буйгаа илэрхийлээд ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд тус улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “Манай хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулах ажил бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн бид сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг тэлэх бүрэн боломж бий” хэмээн онцлов. Мөн Солонгос, Монголын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудтай уялдуулах боломж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар Засгийн газраас анхаарч ажиллахаа уулзалтын үеэр илэрхийллээ. Ерөнхий сайд Хан Дог Сү “Бусан-2030” дэлхийн ЭКСПО-г зохион байгуулах бэлтгэл ажил ид өрнөж буйг дурдаад, 2030 он гэхэд Бусан хотыг олон улсын жишигт нийцэх смарт буюу дижитал хот болгох зорилтыг БНСУ-ын Засгийн газраас дэвшүүлэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тиймээс “Бусан-2030” дэлхийн ЭКСПО-г зохион байгуулах, олон улсад таниулан сурталчлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг Улсын Их Хурлын даргаас хүслээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.