БНСУ-д Монголын үндэсний картаар төлбөр, гүйлгээ хийх боломж бүрдлээ
Монгол Улс, БНСУ-ын хооронд картаар төлбөр, гүйлгээ хийх хамтын ажиллагааны санамж бичигт Монголбанк БНСУ-ын “КТ групп” хооронд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр Төв банканд боллоо.
Дээрх хамтын ажиллагааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улсын банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны системд дахин нэг шинэ боломж гарч ирж байна хэмээн тодотгов.
Тодруулбал, Монгол Улс, БНСУ-ын банкны салбарын хамтын ажиллагааны хүрээнд үндэсний төлбөрийн ₮ картаар БНСУ-д, БНСУ-ын “ВС card” компанийн төлбөрийн картаар Монгол Улсад төлбөр тооцоо гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр хоёр орны хооронд болон хоёр талын орнуудад банкуудын картаар хийх үйлчилгээ болон харилцаа, төлбөр тооцоо, гүйлгээг хурдан шуурхай болгон хөнгөвчилж буйг онцоллоо. Одоогоор зөвхөн дотооддоо ашиглан гүйцэтгэж буй үндэсний ₮ картын хэрэглээг нэмэгдүүлж, гадаадад нэвтрүүлж эхэлж буйг тэмдэглэн хэлэв.
Энэ хамтын ажиллагаа нь манай улсаас валютын урсгалыг гадагшлуулахгүй байх нэг боломж юм гэдгийг Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нэмж хэллээ. Тэрбээр, үндэсний ₮ карт нь олон улсын стандартыг хангасан карт гэдгийг тодотгоод, Монгол Улсаас иргэд хамгийн олноор ажил хөдөлмөр эрхэлж, сурдаг БНСУ-д төлбөр тооцоо, гүйлгээг төгрөг, воноор хийн шийдэж эхэлснээр хувь хүмүүс, иргэд төдийгүй компани, ААН, байгууллагуудын бизнесийн харилцаа илүү тэлнэ гэдгийг илэрхийллээ.
Үндэсний төлбөрийн систем шинэчлэгдэж, иргэд, олон нийтийн хэрэглээнд нэвтрээд удаагүй байгааг тодотгоод, Монголбанкнаас АХБ-тай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн үр дүнд манай улсын төлбөр тооцооны систем олон улсын жишигт хүрч, дэлхийн санхүүгийн системтэй нэг хэлээр харилцах боломжтой болжээ.
БНСУ-ын “КТ групп”-ийн глобал газрын зөвлөх Ю Ван-Рюн хэлэхдээ, монголчууд БНСУ-ыг зорихдоо заавал гадаад валют авч явалгүйгээр үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн картаараа Солонгос улсад төлбөр тооцоо, гүйлгээ хийх боломжтой болж буйг онцоллоо. Өнөөдрийн үйл ажиллагаагаар дамжин хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжинэ гэв.
“ВС card” нь БНСУ-ын харилцаа, холбооны томоохон операторын нэг “КТ групп”-ийн охин компани бөгөөд улсдаа гүйцэтгэх нэгдсэн процессын үйлчилгээ, үндэсний төлбөрийг гүйцэтгэдэг байна. “ВС card” компани нь БНСУ-д 1983 онд байгуулагдсан, тус улсын анхны төлбөрийн картын үйлчилгээг эрхлэгч аж. Өнөөдрийн байдлаар 30 сая ширхэг карт гаргаж, 3.2 сая байгууллагын гүйлгээг хүлээн авч, жилд 5 тэрбум гүйлгээг гүйцэтгэн дамжуулдаг. Энэ үзүүлэлтээр Ази, Номхон далайн бүс нутагт карт хүлээн авагч хамгийн том компанид ордог байна.
Өнөөдрийн хамтын ажиллагааны ёслолын ажиллагаанд БНСУ-ын “КТ групп”-ийн глобал газрын зөвлөх Ю Ван-Рюн, тус группийн охин компани “ВС card”-ийн бизнесийн газрын дарга Ха Менхо нарын БНСУ-ын төлөөлөл, Монголбанкны удирдлага, тус банкны Захирлын зөвлөлийн гишүүд оролцлоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.