"Эрдэнэс -Тавантолгой" ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум ам.долларт хүрчээ
Нүүрсний асуудлын эсрэг жагсаалын эцсийн үр дүн нь Монголын эрх ашиг бөгөөд ирээдүйд зөв нийгмийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэснээрээ онцлогтой. Тэгвэл нүүрсний хэрэгтэй холбогдуулан Засгийн газраас хэд, хэдэн арга хэмжээ авч ажилласнаар тодорхой ахицууд эхнээсээ гарсан нь жагсаалын үр дүн гэж дүгнэж болохоор байна.
Тодруулбал, онцгой дэглэм тогтоосноос хойш "Эрдэнэс -Тавантолгой" ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум ам.долларт хүрч, тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирсан хэмээн албаныхан мэдэгдсэн. Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс ачилтын хэмжээ 4 дахин нэмэгдэж сард 2.5 сая тонн нүүрс ачсан дүн мэдээ гарав. Өнгөрөгч оны эхний 10 сарын дунджаар 600 мянга тонн байсан ачилтын хэмжээ ийнхүү нэмэгдсэн нь онцгой дэглэм тогтоосноос гадна Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, сахилга хариуцлага сайжруулах, чиг үүргийн давхардал арилгах ажлыг шат дараатай хийсэн нь нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал, тус компанийн 14 алба, нэгжийг татан буулгаж, 52 хүнийг ажлаас чөлөөлсний 24 нь удирдах албан тушаалтан юм. Үүнээс сахилга хариуцлага алдсан 13 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, бүтэц сайжруулах ажлын хүрээнд 25 хүнийг бүрэн чөлөөлжээ.
Ташрамд дурдахад, Засгийн газар нүүрсний асуудалтай тэмцэхээ зарласнаас хойш нүүрсний гэх хэрэгт хууль хяналтын байгууллагаас 56 хүнийг шалгаж эхэлсэн бөгөөд тус компанид удирдах ажил хашиж байсан 9 хүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн байна.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ
Дээрх арга хэмжээг авснаар өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК 4.1 сая тонн нүүрс олборлож, 5.5 сая тонн нүүрс уурхайн амнаас ачуулж, 4.1 сая тонн нүүрс экспортолсон байна. Ингэснээр борлуулалтын орлогыг 500 сая ам.доллараар нэмэгдүүлж, энэ оны нийт борлуулалтыг Эрдэнэс Тавантолгой ХК байгуулагдснаас хойш хамгийн өндөр түвшинд хүргэсэн нь валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хөшүүрэг болов. Тухайлбал улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд дөрөвдүгээр улиралд Монголбанкинд 500 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байсан бол энэ үүргээ давуулан биелүүлж 588.8 сая ам.долларын борлуулалт хийж, Төв банкинд 416.6 сая ам.доллар төвлөрүүлсэн байна.
“ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД”-ЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫГ ШУУРХАЙЛЖЭЭ
Нүүрсний асуудалтай тэмцэхтэй холбоотойгоор Засгийн газраас “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Мягмарыг томилсон. Түүнчлэн Засгийн газар “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам, “Богдхан” төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил зэрэг гэрээг төрийн нууцаас гаргахыг Бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан. Ингэснээр маш нууц, нууц зэрэглэлтэй 39 гэрээг олон нийтэд ил болгов. Түүнчлэн дээрх төслүүдийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөө, хэрэгжилт, худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт шалгалт хийх ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан юм. Мөн валютын орлого, экспортын тээвэрлэлтийг нэмэх ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн “Мүгэн логистик” ХХК болон “Жи ар капитал логистик” ХХК-иудтай байгуулсан 100 хагас вагон түрээслэх гэрээг цуцалж, “Монголросцветмет” ТӨҮГ-т хүлээлгэн өгчээ.
Монгол Улсын төсвийн орлогод тэргүүлэх байр суурьтай байдаг уул уурхай тэр дундаа нүүрс нь чухал стратегийн салбар. Тэр утгаараа нүүрс тээвэрлэх явцыг хурдасгах төмөр зам барих асуудлыг Монголын төр нэг номерын асуудал болгон тавьж байгаа.
Тодруулбал Засгийн газраас “Богдхан төмөр зам” төслийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээр хариуцуулан гүйцэтгүүлэх, тус төмөр замын шугамыг эцэслэн тохирох асуудлыг ОХУ-ын талтай ярилцах үүргийг өгсөн. Энэ хүрээнд Богдхан төмөр зам төслийн барилгын ажлыг түр зогсоогоод байна. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцэд хэсэгчилсэн байдлаар техникийн комисс бүрэн ажиллаж дууссаныг албаныхан мэдээлсэн. Ингэснээр төмөр замын суурь бүтцийг бүхэлд нь байнгын ашиглалтад оруулах бэлтгэл ажил хангагдсанаас гадна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг эхлүүлэхээр холбогдох байгууллагуудад санал хүргүүлсэн байна.
Нүүрсний асуудлын хүрээнд Олон нийтийн хяналт, оролцоог хангахад бодит мэдээлэл чухал учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төмөр замын төслүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг нээлттэй сонсох боломжийг бүрдүүлсэн. Ийнхүү нүүрсний асуудлын эргэн тойронд өрнүүлсэн тодорхой шийдлүүд эхнээсээ өгөөжөө өгч байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.