БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Япон улсыг зорино.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Япон улсыг зорино.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой дээд хэмжээний уулзалт хийхээр өнөөдөр тус улсыг зорино. Энэхүү айлчлал нь удаан хугацааны турш хурцдаад байсан харилцаа дайны үеийн албадан хөдөлмөртэй холбоотой маргааныг шийдвэрлэх саналыг танилцуулсны дараа сайжирч байгааг харуулж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сүүлийн 12 жилийн хугацаанд хөрш орондоо хийж буй анхны харилцан айлчлал болох гэж буй энэхүү хоёр өдрийн айлчлал нь түүхэн маргааны улмаас хоёр орны харилцаанд хэр урт удаан хугацаанд сэв суусныг илтгэж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Японд 2019 онд айлчилсан хэдий ч энэ нь харилцан айлчлалаар бус “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох зорилготой байв.

Сөүлийн засаг захиргаа 1910-1945 оны колоничлолын үед Японы үйлдвэрүүдэд албадан хөдөлмөр эрхэлсэн солонгосчуудад нөхөр төлбөр олгохтой холбоотой маргааныг шийдвэрлэх саналаа танилцуулснаас хойш хоёр хүрэхгүй долоо хоногийн хугацаа өнгөрч байгаа юм. Уг төлөвлөгөөний дагуу Дотоод хэргийн яамны харьяа олон нийтийн сан дотоодын компаниудын хандиваар нөхөн төлбөр олгоно. Гэхдээ Япон компаниудын оролцоо хангалтгүй байна гэх шалтгаанаар энэ саналыг эсэргүүцэж байгаагаа зарим хохирогч хэдийнээ илэрхийлжээ.

БНСУ-ын төрийн тэргүүн Юн Сог Ёлийн хувьд энэхүү шийдвэрийг БНСУ, Японы ирээдүйгээ харсан харилцааг цогцлооход чиглэсэн хэмээн тодорхойлсон байна. БНАСАУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн учруулж буй аюул заналыг тогтоон барихад хоёр талын харилцааг сайжруулахын ач холбогдлыг тэрбээр мөн цохон тэмдэглэжээ. Түүнчлэн хоёр талын харилцаа сайжирснаар хоёр орны бизнесийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, улмаар хоёр орны эдийн засагт үр өгөөжөө өгнө гэдгийг онцолсон байна.

“Энэхүү айлчлал нь өнөөг хүртэл хурцадмал байсан БНСУ-Японы харилцаа хэвийн болох шатандаа орсныг илтгэх ач холбогдолтой юм” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Сун Хан мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Түүний мэдээлснээр, хоёр орны төрийн тэргүүн нар БНСУ-Японы харилцааг хэвийн болгох арга хэмжээнүүд, тэр дундаа албадан хөдөлмөртэй холбоотой асуудлын шийдлийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэх ажээ. Мөн эдийн засгийн хамтын ажиллагаанд бэрхшээл учруулж буй бодлогын саад тотгорыг шийдвэрлэх арга зам, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцах боломж олдоно гэдэгт найдаж байна хэмээн Ким Сун Хан нэмж хэлжээ. 

Эх сурвалж: montsame.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.