МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн гэж тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэллээ.
Тус бүлэг эхлээд бүлгийн дэд даргыг сонгох тухай, удаад нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж буй ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонссон байна. Тэдгээр асуудлын тухайд бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлэг анхны дүрмээрээ гурван дэд даргатай байх ёстой. Нэг дэд даргагүй явж ирсэн. Нийслэл хариуцсан дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонголоо.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганы эхэнд хэлэлцэн батлах юм. Тиймээс ажлын хэсэг уг шинэчилсэн найруулгад тусах саналуудаа танилцуулахад, гишүүдийн дийлэнх нь дэмжлээ. Гишүүдийн зүгээс хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй нэг асуудалд шүүмжлэлтэй хандсан. Бусдын бизнесийг булаах, дарамт үзүүлэх, үйл ажиллагаанд нь оролцох, үл хөдлөх хөрөнгөд нь халдах явдал гарч байна. Иймд Засгийн газар нийгэмд гарч буй эдгээр үзэгдлийг таслан зогсоож, УИХ-д асуудлыг оруулж ирж танилцуулахыг үүрэг болголоо" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.