Юн Сог Ёль БНСУ-д хөрөнгө оруулахыг И.Маскаас хүсжээ

Юн Сог Ёль  БНСУ-д хөрөнгө оруулахыг И.Маскаас  хүсжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай лхагва гарагт уулзаж, БНСУ-д гига-үйлдвэрээ байгуулахад хөрөнгө оруулахыг хүсжээ.

Энэхүү уулзалтыг Юн Сог Ёлийн АНУ-д хийж буй төрийн айлчлалын үеэр И.Маскийн хүсэлтээр хийсэн гэж Ерөнхийлөгчийн эдийн засгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Чой Сан Мок мэдээлсэн байна.

Өмнөд Солонгос нь дэлхийн жишигт нийцсэн роботууд, мэргэшсэн ажиллах хүчний нөөцтэй тул гига-үйлдвэр байгуулахад тохиромжтой гэдгийг Юн Сог Ёль хэлсэн үгэндээ онцолжээ.

“Tesla” хөрөнгө оруулах шийдвэр гаргавал бид байршил, ажиллах хүчин, татварын тал дээр идэвхтэй дэмжлэг үзүүлнэ гэж БНСУ-ын төрийн тэргүүн хэлсэн байна

Хариуд нь И.Маск БНСУ нь гига-үйлдвэрийг байгуулахад сонирхол татахуйц, тэргүүлэх сонголтуудын нэгд тооцогдож байгааг онцлоод, тус улсад хүрэлцэн очих бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Юн Сог Ёль мөн БНСУ-ын компаниуд И.Маскийн сансрын хөлөг үйлдвэрлэгч “SpaceX” компанитай хамтран БНСУ-ын сансар судлалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.