Сөүл хот баримталсан бодлого туршлагаараа дамжуулан Улаанбаатар хоттой хамтран ажиллана.

Сөүл хот баримталсан бодлого туршлагаараа дамжуулан Улаанбаатар хоттой хамтран ажиллана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-д албан томилолтоо Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Гитэй уулзсанаар эхлүүлэв.

Монгол Улс гуравдагч хөрш БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосон юм. Хоёр орны Засгийн газраас Улаанбаатар хотод 2007 айлын орон сууцны хорооллын төслийг хамтран хэрэгжүүлж байгаа. Мөн БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас олгодог “Хилийн чанадад нийтийн номын сан байгуулах /ODI/” төслийн хүрээнд Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг орчин үеийн жишгээр тохижуулж, тоног төхөөрөмжийг шинэчилж, сэргээн засах төслийг цар тахлын үед хэлэлцэн дэмжсэн. Талууд хоёр хотын найрсаг харилцааг өргөжүүлэн тэлж, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Засаг дарга Д.Сумъяабазар “Монгол Улсын Засгийн газраас “Бусан 2030” дэлхийн үзэсгэлэнг дэмжиж байгаа. Улаанбаатар хот тулгамдаж буй бэрхшээлүүдийнхээ ард гарч, хөгжлийн зөв шатандаа хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа. БНСУ ч хүнд бэрх үеэ ард түмнийхээ эв нэгдэл, зөв зохион байгуулалтаар даван гарсан түүхтэй. Улаанбаатар хот гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг дэмжих, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалах журмыг НИТХ-д өргөн барьж, хэм хэмжээгээ зохицуулна. Түүнчлэн УИХ-ын 26 гишүүнээс бүрдсэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороог байгуулж, хотын хөгжлийг дэмжих хууль, эрх зүйн зохицуулалтыг баталсан. Улаанбаатар хотыг орон сууцжуулах, ногоон байгууламжийг нэмэх, голын сав газрыг тохижуулахад БНСУ-тай хамтран ажиллаж, туршлага солилцох хүсэлтэй байна” гэжээ.

Мөн тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр байр сууриа илэрхийлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги “Улсын нийслэл бол хөгжил цэцэглэлтийн хажуугаар хүн амын төвлөрөл, замын хөдөлгөөний ачаалал, орон сууц, хүрээлэн буй орчин гэхчлэн олон талын асуудал агуулдаг. Сөүл хот баримталсан бодлого, арга барил, туршлагаараа дамжуулан Улаанбаатар хоттой хамтран ажиллана. БНСУ-д олон монгол иргэн амьдарч байгаа тул тэднийг аюулгүй, тайван амьдрах боломжоор хангахад анхаарна” гэв. Уулзалтын төгсгөлд, Хотын дарга Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Гиг Улаанбаатар хотод зочлохыг урьжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.