“Welcome to Мongolia” арга хэмжээ Япон улсад болж байна

“Welcome to Мongolia” арга хэмжээ Япон улсад болж байна

”Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарын эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Японы зах зээлд ажилладаг Монголын тур компанийн 13, Японы аялал жуулчлалын компанийн 100 орчим төлөөлөлтэй B2B уулзалт хийх, ковидын цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлт, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бататгах, Монгол орны соёл, уламжлалыг сурталчлах “Япон-Монгол аялал жуулчлалын форум-2023” Токио хотод зохион байгуулж байна.

Арга хэмжээний нээлтэд БОАЖ-ын Сайдын Зөвлөх О.Одбаяр, Монгол Улсаас Япон Улсад суугаа бүрэн эрхт Элчин Сайд Д.Батжаргал, Япон Улсын “Тоа” судалгааны хүрээлэнгийн дарга Такэбэ Цутомү нар мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого, аялал жуулчлалын чиг хандлага, цаашид авах арга хэмжээний тухай БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Япон жуулчдад зориулсан аяллын шинэ хөтөлбөрийн тухай “Жуулчин”компанийн төлөөлөл илтгэл тавилаа.

Япон талаас Японы олон Улсын хамтын ажиллагааны агентлаг, Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Такао Шимокава, Японы аялал жуулчлалын агентуудын холбоо аялал жуулчлалын экспо, Япон Улсыг сурталчлах газрын дарга Фүкүшима Казухико, Японы аялал жуулчлалын агентуудын холбооны гадаад аяллыг дэмжих газрын дэд дарга Касуми Абэ, Японы аялал жуулчлалын агентуудын холбооны Монголд аялал жуулчлалыг дэмжих албаны дарга Хидео Окубо, Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Японы аялал жуулчлалын агентлагийн зөвлөх Ишида Тацуро, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /UNWTO/ Япон дахь оффисын Олон улсын харилцааны газрын даргын туслах Юхиса Ишизаки , Японы аялал жуулчлалын агентуудын холбооны Дэд ерөнхийлөгч Южи Хара нар болон Япон Улсын тур компаниудын төлөөлөл оролцож байна.

“Монгол, Японы аялал жуулчлалын бизнес форум”-ыг зохион байгуулснаар хоёр Улсын бизнес хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ салбар, боломжийг нээх, Монгол Улсад Японы томоохон компаниудын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг татахад чухал ач холбогдолтойг БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр онцолж байв.

Харин Япон Улсын “Тоа” судалгааны хүрээлэнгийн дарга Такэбэ Цутомү хэлсэн үгэндээ “Монгол бол үлэг гүрвэлийн олдвор олддог дэлхийд тэргүүлэгч орны нэг бөгөөд ховор ан амьтадтай хэнд ч хөндөгдөөгүй онгон дагшин байгаль, нууцлаг, сүрлэг нутаг юм. Энэ нь Япон хүүхдүүдийн хувьд уран сэтгэмжийг хөгжүүлэх, сэтгэлийг нь хөдөлгөнө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улсад 2019 онд хамгийн их буюу 577 мянган жуулчин хүлээн авч 607 сая долларын орлого оруулжээ.

Форумаар Монгол Улсын хувьд аялал жуулчлалын голлох зах зээлийн орон болох Япон Улстай аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх үүднээс Монгол Улсыг Япон Улсад сурталчлах “Welcome to Mongolia” арга хэмжээ, мөн Япон зах зээлд ажилладаг Монголын тур компанийн төлөөллийг танилцууллаа. 2023 онд НЭГ САЯ жуулчин хүлээн авах арга хэмжээний хүрээнд Япон Улсаас 100.000 жуулчин хүлээж авах зорилго тавин ажиллаж байна. Тус форум 2 өдөр Япон Улсын Токио хотод болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.