126 гишүүнтэй байх Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа

126 гишүүнтэй байх Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа
УИХ-ын өнөөдрийн /2023.05.31/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг батлахыг дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах ӨӨРЧЛӨЛТ батлагдлаа. Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлтийн гол зорилго нь төлөөллийн ардчиллыг буюу парламентат ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт, “Ард түмэн засаглаж байх” Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал улам баталгаажиж байна.
Улсын Их Хурлын гишүүд эрх мэдэлтэн, дарга биш, харин ард түмнийхээ элч төлөөлөгч байх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульдаа тусгалаа.
Энэхүү өөрчлөлт зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмж олшруулах төдий өнгөц өөрчлөлт биш ээ. Харин ард түмний хүсэл эрмэлзэл, бодол зорилго, засаглах эрх парламентад илүү сайн хангагдаж байх төлөөлийн ардчиллын зарчмыг улам төгөлдөржүүлэхэд чиглэсэн өөрчлөлт юм. Цаашид УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. Сонгууль холимог тогтолцоогоор явагдана. Тойргоос 76 гишүүн, жагсаалтаар 48 гишүүн байна. Үндсэн хуулийн өөрчлөлт албан ёсоор батлагдлаа, ажлын хэсгийнхэнд баярлалаа. Үндсэн хуулийн өөрчлөлт маргаашнаас үр дүнгээ өгч эхэлнэ гэдэгт найдаж байна" хэмээн тодотголоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.