ЗТХЯ-наас мэдэгдэл гаргалаа
Мэдэгдэл
Олон нийтийг төөрөгдүүлсэн, гүтгэлгийн шинжтэй илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттай тарааж буй асуудалд Зам, тээврийн хөгжлийн яамнаас албан ёсны мэдэгдэл гаргаж байна.
Сүүлийн үед олон нийтийг төөрөгдүүлсэн илтэд худал мэдээллийг “Дэлгэрэх тээх” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай нь цахим сүлжээнд нийтэлж, зохион байгуулалттай тарааж байна.
Улс хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд зохицуулагддаг. Хоёр талын автотээврийн төлөөлөгчдийн 20 дахь удаагийн ээлжит уулзалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум-Эрээн хот чиглэлд тал тус бүр 20 ширхэг том оврын автобусаар тээвэрлэлт явуулахаар тохиролцсон. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд сум - Эрээн хотын чиглэлд Монгол талаас “Дэлгэрэх тээх”, “Эрдэм транс”, “Чингүн хурд транс”, “Эрхэм энд өндөр” зэрэг дөрвөн компани нийт 20 автобусаар өглөө 08:00-11:10 цагийн хооронд 10 минтуын интервалтайгаар тээвэрлэлт гүйцэтгэж байна. Харин Хятадын талаас 7 автобусаар тээвэрлэлт гүйцэтгэж байна.
Гэтэл “Дэлгэрэх Тээх” ХХК-ийн захирал Г.Баярмагнай нь Эрдэм транс компанийг тус чиглэлд тээвэрлэлт хийх үйл ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн яамны зарим албан тушаалтнууд дэмжлэг үзүүлдэг мэтээр ярьсан бичлэг нь зарим мэдээллийн сайтуудаар тарсан.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрээр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах, зохион байгуулах эрх олгогдсон байгууллага юм. Энэ хүрээнд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг холбогдох стандарт, дүрэм журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг судалж дүгнэлт гарган, шаардлага хангасан аж ахуйн нэгжийг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Үүний дагуу тээвэрлэгчийг сонгох үйл ажиллагаа явагддаг.
Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс тээвэрлэгчийг сонгох үйл ажиллагаанд оролцдоггүй болно.
Энэ асуудалд ЗТХЯ нь ямар нэгэн оролцоо байхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, дээрх үйлдэлдээ уучлалт гуйж залруулга хийхгүй бол “Дэлгэрэх тээх” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан....” гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахыг мэдэгдэж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.