Хиймэл оюун ухаанд суурилсан "Умайн хүзүүний хорт хавдар"-ын эрт илрүүлэг оношилгооны системийг эх орондоо нутагшуулж байна...
Монгол улсынхаа эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлж буй "Эй Ай Меди Монголиа" компанийн эмч төлөөлөгч, Эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч Б.Атарцэцэгтэй ярилцлаа.
Тэрээр умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг оношилгооны шинэ дэвшилтэт технологи болох "Хиймэл оюун ухаанд суурилсан" оношилгооны системийг эх орондоо нэвтрүүлэхээр зүтгэж яваа шилдэг залуу эмч нарийн маань нэг юм.
Асуулт : Хэзээнээс энэхүү технологийг Монгол улсад нэвтрүүлэн ашиглаж байна бэ? Ер нь дэлхий дээр өндөр хөгжилтэй улс орнуудад хэзээнээс хэрхэн ашиглаж байгаа талаар мэдээлэл өгөөч...
Ер нь бол дэлхий дээр анхлан 1950-аад оноос “Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх” хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүнээс хойш цаг хугацааны явцад хөгжлийн шинэ шатанд гарсаар өнөөгийн орчин үеийн дэвшилтэд хиймэл оюун ухааны технологи болтлоо хөгжөөд байна.
Хиймэл оюун ухаан нь хүний сэтгэхүйтэй хийгээд тооцоолох чадвартай ижил түвшинд хүрсэн компьютерын программ хангамжаар бүтээгдсэн технологийн нэгэн төрөл юм. Цаг ямагт тасралтгүй хөгжүүлэлтүүд хийгдсээр байгаа бөгөөд асар богино хугацаанд хүний боломжоос давсан үйлдлийг гүйцэтгэж хүн төрөлхтний аж амьдралд нэлээдгүй нөлөө үзүүлж эхлээд байна. Иймд дэлхийн улс орнууд хиймэл оюун ухааны салбарын хөгжлөөр дамжуулан өөрийн улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах боломжтой бөгөөд цаашлаад зэвсэгт хүчний өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гэх мэт тал бүрийн шинэ боломжуудыг буй болгож болно гэсэн итгэл үнэмшилтэйгээр их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж байна.
Дэлхийд технологийн хөгжил хийгээд эдийн засгийн өрсөлдөх чадвараар тэргүүлэгч улс гүрнүүд болох АНУ, Энэтхэг, Хятад, Солонгос ,Япон гээд бүгд л энэ салбарт томоохон тоглогч байхын төлөөх өрсөлдөөнд орж байна. Мөн нөгөөтээгүүр энэхүү эрчимтэй хөгжиж буй салбарт ямар нэгэн зохицуулалтыг хийж төр засгийн зүгээс хяналт тавих шаардлагатай гэж үзэж байна. Үүний нэгэн тод жишээ бол саяхан манай улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн мэтээр олон нийтийн сүлжээнд ХОУ-ны тусламжтай бүтээсэн дүрс бичлэг цацсан явдал юм. Энэхүү технологийн хөгжүүлэлтээр тэргүүлэгч их гүрэн АНУ хиймэл оюун ухааны салбарт баримтлах зарчим, аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулж холбогдох тушаал шийдвэрүүдийг батлахаар ажиллаж байна.
Хиймэл оюун ухааны технологи нь бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд анагаах ухааны салбарт дүрс оношилгооны болон лабораторийн шинжилгээний дүгнэлт гаргах, хорт хавдар гэх мэт өвчний хамгийн оновчтой эмчилгээний стратег боловсруулах чиглэлд хамгийн өргөн нэвтрээд байна.
Хиймэл оюун ухааныг анагаах ухааны салбарт ашигласнаар гарах хамгийн чухал үр дүн бол өвчнийг эрт үед нь оношлон илрүүлэх, оношилгоонд зарцуулах цаг хугацаа хөрөнгө мөнгийг хэмнэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг нэмэгдүүлэх явдал юм. Ингэснээр хүн амын дундах өвчлөлийг бууруулах, гарч болох эрсдэл хүндрэлээс сэргийлэх, цаашлаад улс орын эрүүл мэндийн зардалд зарцуулах нийт зардлыг бууруулах чухал ач холбогдолтой.
Манай улсын хувьд анагаах ухааны салбарт аль хэдийнээ хиймэл оюуны технологи нэвтрээд өнөөдөр клиникийн практикт ашиглагдаж байна. Улс орны хэмжээнд хэрэгждэг “Сүрьеэгийн эрт илрүүлэг”-ийн цээжний рентгэн оношилгооны салбарт ашиглаж байна.
Мөн манай “Эй Ай Меди Монголиа” ХХК компанийн нэвтрүүлж буй “CERVICARE AI” буюу “Хиймэл оюун ухаанд” суурилсан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг оношилгооны системийг 2023 оны 8-р сараас эхлэн нэвтрүүлсэн. Уг систем нь БНСУ-ын эрүүл мэндийн шинэ технологи хөгжүүлэгч тэргүүлэх компани болох “NTL Health Care” компаны бүтээсэн оношилгооны систем юм.
Асуулт : Монгол улсад нэвтрүүлэх болсон шалтгаан хийгээд хэрэгцээ шаардлага, Монгол улсын нөхцөл байдалд хэр тохиромжтой технологи бэ?
ДЭМБ-ын 2018 оны статистик мэдээг харвал дэлхий дээр жилд умайн хүзүүний хорт хавдраар жилд 569,847 эмэгтэй өвчилж уг өвчний улмаас 311,365 эмэгтэй нас барсан тухай тоо баримт гаргажээ.
Азийн орнуудад өвчлөл, нас баралт өндөр байгаагийн дотроос Монгол Улс Зүүн өмнөд Азийн бүс нутагт өвчлөл хийгээд нас баралтаараа тэргүүлж байна. Монгол улсад Умайн хүзүүний хорт хавдар 15-44 насны эмэгтэйчүүдийн дунд тэргүүлж байгаа бол 45-59 насанд хоёрдугаар байрт орж байна. Манай улсад жилд дунджаар умайн хүзүүний хорт хавдараар 360-400 эмэгтэй шинээр өвчилж, уг хавдарын шалтгааны улмаас 150-160 гаруй эмэгтэй ганцхан жилд нас барж байна.
Зүүн өмнөд Азийн бүс нутгийн орнуудад (Япон, Хойд Солонгос, Хятад, Өмнөд Солонгос, Монгол) 100 мянган хүн амд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн дундаж түвшин 10.9 тохиолдол, нас баралтын түвшин 4.1 тохиолдол байгаа бол Монгол улсын хувьд 100 мянган хүн амд 23.5 тохиолдол, нас баралт 10.2 тохиолдол байгаа нь түгшүүрийн харанга шиг сонсогдох үзүүлэлт л дээ.
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Бүртгэл тандалтын албанаас гаргасан статистик тоо мэдээгээр манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл тасралт тогтмол нэмэгдэх хандлагатай байна. Мөн дээр дурьдсанчлан 100,000 хүн ам тутамд умайн хүзүүний хавдрын тохиолдол 23.5 байгаа нь бус нутагтаа хамгийн доогуур үзүүлэлт болоод байна. Яг одоогийн байдлаар “Умайн хүзүүний хорт хавдар” өвчнөөр өвчилсөн эмчийн хяналтанд явж буй 4,303 эмэгтэй байна. Энэ нь нийт хавдраар өвчилж хяналтад байгаа өвчтөний 22%-ийг эзэлж байгаа үзүүлэлт юм.
Монгол улс нь өргөн уудам газар нутагтай бөгөөд иргэд нь тархмал байрласан онцлогтой. Иймээс 21 аймаг 361 сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан болон 2 шатлалын эмнэлгүүд үзүүлж байна. Анхан шатны эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч байхгүй бөгөөд хоёр дахь шатлалд ч нарийн мэргэжлийн эмчийн дутагдалтай байна. Мөн хөдөө орон нутагт өндөр хүчин чадал бүхий оношилгооны лаборатори, эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч байхгүй хүрэлцээ муу байдаг.
Иймээс орчин үеийн шинэ дэвшилтэт технологи болох “CERVICARE AI” хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны систем нь хөгжиж буй орнуудын энэ бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой дэвшилтэт технологи юм. нарийн мэргэжлийн эмч шаардахгүй бөгөөд хариу 5 секунтэнд гарна, үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй хариугаа тэр дороо мэдэж хугацаа алдахгүй дараагийн эмчилгээ зөвлөмжөө авна.
Мөн анхан шатны өрхийн эмнэлэгт сорьц аваад цааш зөөвөрлөнө, эс судлаач нарийн мэргэжлийн эмч дүгнэлт гарна гэхгүй Хиймэл оюун ухааны програм өөрөө 98%-ийн өндөр мэдрэг чанартайгаар дүгнэлтээ тавхан секундын дотор гаргах учир анхан шатын эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг бууруулах боломжтой.
Иймээс манай улс шиг хүн ам тархуу суурьшсан, орон нутагт эрүүл мэндийн хүчин чадал дутмаг улс орны хувьд маш тохиромжтой технологи бөгөөд нэг дор олон хүнийг амарсан эрт илрүүлэг оношилгоог хялбар хийх хамгийн үр дүнтэй арга юм.
Асуулт : Сая сүүлд та бүхэн баруун 5н аймгаар тойрон ажилаад ирлээ. Баруун аймгуудын хувьд нөхцөл байдал ямар байна бэ? Эмч нар маань хэр мэдээлэлтэй байна?
УБ хотоос алслагдсан Баруун 5 аймаг болох Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймгуудад 2023.10.20-с 2023.10.31 хооронд Умайн хүзүүний хавдарыг оношлох “Cervicare AI” системийг танилцуулах онолын болон практик сургалтыг эмч, эмнэлгийн ажилчид болон аймгийн эрүүл мэндийн газар, дарга мэргэжилтэнгүүдэд танилцуулсан.
Cervicare AI системийн талаарх сургалтыг 93 эмч эмнэлгийн ажилчид болон ЭМГ-ын мэргэжилтэнгүүдэд танилцуулсан. Эмч нар маш их сонирхож аймаг сумдадаа нэвтүүрэх шаардлагай байна гэж үзсэн боловч санхүүгийн асуудал тулгарч байсан. Харин цаашдаа Cervicare AI оношилгоондоо нэвтрүүлнэ гэж байсан.
Cervicare AI нийт 189 эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй оношилгоог хийж Хэвийн буюу Normal -159, Atypical- 24, Abnormal- 6 буюу 15,8% нь өөрчлөлттэй илэрч HPV шинжилгээ, эдийн шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн.
Баян-Өлгий аймаг 84 хүн оношилгоонд хамрагдсанаас хэвийн 77 хүн байсан нь өвчлөл хамгийн бага аймаг байлаа. Харин оношилгонд хамрагдсан хүний тоогоор тооцоолоход Өвөрхангай, Говь-Алтай аймаг өвчлөл өндөртэй байсан.
Өвөрхангай аймгийн хувьд “Ариунсанаа” хувийн эмнлэгт “Cervicare_AI” оношилгооны системийг суурилуулж үзлэг оношилгоог аймагтаа хийж эхэлсэн байгаа.
Асуулт : Өнгөрсөн хугацаанд ер нь нийт хэдэн аймгийн иргэдэд үзлэг оношилгоо хийгээд байна? Урьдчилсан байдлаар ямар үр дүн гарч байна бэ?
“CERVICARE AI” системийг 2023 оны 8 сард Монгол улсад нэвтрүүлсэн. Энэ хугацаанаас хойш Сэлэнгэ, Дархан, Орхон, Булган, Төв, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий гэх 10 аймгуудад болон УБ хотын ЧД, Налайх, ХУД, БГД гэх 4 дүүргийн нийт 704 эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй эрт илрүүлэг үзлэг оношилгоог хийсэн байна.
Үүнээс дүгнэж үзэхэд Normal буюу Хэвийн – 532хүн /75,5%/, Atypical буюу умайн хүзүүний улайлттай үрэвсэлтэй, шархлаатай – 107хүн /15,2%/, Abnormal буюу Хэвийн бус умайн хүзүүний хавдарын урьдал эмгэг, умайн хүзүүний хавдар байх магадлалтай – 65хүн /9,3%/ байна. Нийт 172 буюу 25,5% нь ямар нэг байдлаар өөрчлөлтэй хариу гарсан тул дараа дараагийн нарийвчилсан шинжилгээ болон эдийн шинжилгээ өгөх, нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авахуулахаар илгээн.
Асуулт : Манай улсын хувьд умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг оношилгоонд хамрагдах хувийг нэмэгдүүлэх чиглэлд одоо хийгдэж буй ажлууд хийгээд цаашид сайжруулах шаардлагатай зүйлүүдийг хэрхэн харж байна бэ?
МУ-ын ЭМС-ын 2020 оны 12 сарын 31 өдөр батлагдсан А/641 тоот тушаал болох “Умайн хүзүүний хорт хавдрын цогц хяналтын заавар”-ын дагуу 30-60 насны эмэгтэйчүүдийг 3 жил тутам умайн хүзүүний хавдар илрүүлэх скрининг шинжилгээнд хамруулах ёстой байдаг.
Өрхийн эрүүл мэндийн төвдүүдээр дамжуулан энэхүү эрт илрүүлэг оношилгоог улсын хэмжээнд зохион байгуулж хийдэг боловч одоогийн байдлаар нийт хамрагдвал зохих эмэгтэйчүүдийн 37% нь хамрагдсан байна. Эрт илрүүлэг оношилгоог хангалттай үр дүнтэй болгохын тулд ядаж 70% дээш хувь нь хамрагдах ёстой байдаг. Иймээс манай улсад энэхүү эрт илрүүлэг оношилгоо хангалтгүй хийгдэж байгааг үүнээс харж болно.
Цаашид умайн хүзүүний хавдрын тохиолдлыг бууруулахын тулд нийт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрт илрүүлэг оношилгоонд тогтмол сайн хамруулж байхын зэрэгцээ бага насны охид хөвгүүдээ вакцинжуулах шаардлагатай юм.
Эрт илрүүлэг оношилгоонд хамрагдалтын хувийг нэмэгдүүлж Скриннинг оношилгоог үр дүнтэй богохын зэрэгцээ цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэх хамгийн үр дүнтэй арга бол шинэ дэвшилтэт технологи болох хиймэл оюун ухааны оношилгооны системийг ашиглах явдал юм.
Үүний зэрэгцээ мэдээж иргэдийн мэдлэг, эрүүл мэндийн боловсорлыг дээшлүүлэх нь бас чухал байна. Бүсгүйчүүд маань УХХ-ын эрт илрүүлэг оношилгоонд тогтмол заавал хамрагдах ёстой гэдгийг мэдэхгүй байх нь элбэг байна. Иргэдэд эрт илрүүлэг оношилгооны талаарх ойлголт мэдээллийг өгөх, бэлгийн боловсролын талаарх мэдээлэл сургалт хийх нь их чухал гэж санагдсан.
Энэхүү оношилгооны технологийн талаар мэдээлэл авахыг хүсвэл 9509-4108, 7000-4108 утас болон "AI Medi Mongolia" пэйж хуудаснаас мэдээлэл авж болно шүү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.