АН: "Ковид-19" цар тахлын үеийн төсвөөр сонсгол явуулахыг эрх баригчдаас шаардаж байна

АН: "Ковид-19" цар тахлын үеийн төсвөөр сонсгол явуулахыг эрх баригчдаас шаардаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж, тус хуралдаанд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр нарын удирдлагууд оролцсон байна. 

Тус бүлгийн хурлаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар Сонгуулийн Ерөнхий хорооны мэдээллийг сонссон байна. Ардчилсан намаас тус хуулийн хэрэгжилтийг хянах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж. Түүнчлэн бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн хуралдааны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "Ковид-19" цар тахлын үеийн төсвөөр сонсгол явуулахыг эрх баригчдаас шаардаж байна гэлээ. Тэрбээр "Уг сонсголыг шинжээч томилоогүй гэх шалтгаанаар одоог хүртэл зохион байгуулахгүй байна. Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган завсарлана. Чуулган завсарлахаас өмнө тус асуудлыг шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана" хэмээв. УИХ-ын гишүүн Н.Ганнибал "Ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулах саналаа УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн хэдий ч 50 хонож байна. Энэхүү асуудлыг шийдэхгүй байгаа нь сүүлийн 8 жилд юу болж өнгөрснийг иргэдэд мэдүүлэхгүй байхад эрх баригчид анхаарч байгаа хэрэг" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Монгол Улсын нутаг дэвсгэрийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрлээ. Өвс тэжээлийн үнэ нэмэгдэж, хавар мал сүрэг олноор хорогдож болзошгүй нөхцөл үүсээд байна. Хоёрдугаарт газар тариалангийн бүс нутагт борлуулаагүй 70 мянган тонн улаанбуудай байгаа тул түүгээр тэжээл хийх хэрэгтэй. Энэ тохиолдолд тариаланчид улаанбуудайгаа борлуулж, нөгөө талд малчид малаа тэжээх тэжээлтэй болохоор байна. Үүний зэрэгцээ зам даваа сэтлэх машин техникийг гаргах тал дээр улсаас анхаарах шаардлагатай" гэж ярилаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.