Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгслийн чанар стандарт, хангалтын талаар мэдээлэл өглөө.
Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгслийн чанар стандарт, хангалтын талаар ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл өглөө.
(2023.01.15)
Хурандаа Я.Гантөмөр "Онцгой байдлын байгууллагын хувцас, хангалтыг нэгдүгээрт нь техник, хоёрдугаарт хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, гуравдугаарт нь өдөр тутмын хувцас хэрэгсэл гэж гурав ангилж үздэг. Онцгой байдлын хэмжээнд тоног төхөөрөмж техникийн хангалт сүүлийн жилүүдэд харьцангуй өндөр чанартай, Польш, Беларус, Франц улсын техникүүдээр тоноглогдож байгаа. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тоёота маркийн автомашинуудаар парк шинэчлэлийг хийж байгаа.
Хүн нэг бүрийн тусгай зориулалтын хамгаалах хувцас, хэрэгсэл, багаж техникийн хувьд улсын төсвөөс тавигдсан хөрөнгийнхөө хэмжээнд бид худалдан авалтаа зохион байгуулж явдаг. Мөн өдөр тутмын хувцас хэрэгслийн улсын төсөвт тавигдсан хэмжээгээр нь худалдан авалтыг зохион байгуулдаг.
Энд чанар, стандартын асуудал дээр стандартын дагуу худалдан авалтаа зохион байгуулдаг бөгөөд мөрдөгддөг тусгай стандарт байдаг. Өөрөөр хэлбэл галын хувцас нь хэдэн градусын тэсвэртэй байх ёстой вэ гэдэг техникийн шаардлагууд тавигдсан байдаг. Энэ дагуу худалдан авалтаа зохион байгуулдаг.
Бид нэг зүйлтэй тулгардаг. Энэ нь өндөр үнэтэй нь чанартай байж болж байгаа. Гэхдээ энэ хэмжээгээрээ худалдан авах тоо хэмжээ нь буурдаг. Тийм учраас аль болох Монгол Улсынхаа цаг агаарт тохирсон, боломжийн үнэ ханштай хувцас хэрэгсэл авахыг зорьж ажилладаг.
-Энэ жил улсын төсвөөс онцгой байдлын салбарт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Онцгой байдлын байгууллага нь төрийн цэргийн байгууллага учраас төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл нь төрийн болоод албаны нууцын тухай хуулиар нууцад орсон байдаг.
Гэхдээ 2023 оны 7, 8 дугаар сард үер болсон хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 294 дүгээр тогтоол гаргаж, онцгой байдлын байгууллагын чадавхыг сайжруулах, техник тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Сангийн сайдад үүрэг болгосон байдаг. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын хувцас, хэрэглэл, тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэж, энэ жилийн худалдан авалтаа зохион байгуулна.
-Тусгай зориулалтын усны хувцасны тухай Г.Ариунбуян генерал хэлсэн.
-Энэ хувцас нь өндөр үнэтэй. Дотроо усны нойтон болон хуурай хувцас гэж ангилагддаг. Ялангуяа хуурай хувцас нь өндөр үнэтэй байдаг. Энэ утгаараа дөрвөн усчин аврагч тутмын нэг нь усны хувцастай байгаа гэдгийг хэлсэн.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.