БНСУ: БНАСАУ Солонгосын хойгийн зүүн эрэгт дахин пуужин харвалаа
Умард Солонгос Ням гарагт Солонгосын хойгийн зүүн эрэгт дахин пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. Сүүлийн хэдэн сарын турш Умард Солонгос ойр ойрхон хугацаатай хэд хэдэн пуужинг Зүүн тэнгист харваж, бүс нутгийн аюулгүй байдлын түгшүүрийг нэмэгдүүлээд байгаа. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт гэхэд Умард Пүль Хуа Саль-3-31 нэртэй шинэ төрлийн стратегийн далавчит пуужин галлаж туршсан гэж Өмнөд Солонгосын Ёнхаб агентлаг мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл Өмнөдийн хэлж байгаагаар өнгөрсөн долоо хоногт Умард 2 ч удаа ойрхон зайтай пуужин харвасан гэсэн үг юм.
Ням гарагт харвасан пуужинг Умардын зүүн эргийн Шинпу боомтоос хөөргөсөн байна. Одоогоор хэдэн пуужин харвасан, ямар төрлийн пуужин байсан талаарх мэдээллийг Өмнөдийн талаас өгөөгүй байна. Тэдний өгсөн анхны мэдээллээр бол пуужинг орон нутгийн цагаар Ням гарагийн өглөө 8 цагт хөөргөсөн байна. Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга нарын албанаас мэдээлж байгаагаар тус улсын зэвсэгт хүчин АНУ-тай хамтарч Умардын өдөөн хатгалгын хэлбэрүүдийг сайтар ажигласаар байгаа гэж мэдээлсэн байна. Харин Умардын талаас удирдагч Ким Жон Ун сүүлийн туршилтаа амжилттай болсон гэж мэдээлсэн байна. Тэрээр пуужингийн туршилтуудаа “хүчирхэг тэнгисийн хүчнийг бий болгож, цэрэг армиа орчин үеийн хүчирхэг зэвсэгт хүчин болгохын тулд явуулж байгаа стратегийн үйл ажиллагаа” гэж дүгнэснийг Пхеньяны төв телевиз дамжуулан хүргэлээ.
Умардын удирдагч сүүлийн хэдэн сарын хугацаанд маш хатуу, ширүүн гадаад бодлого баримталж, бүс нутгийн болоод олон улсын хэд хэдэн энх тайвны гэрээ хэлэлцээрээс гарч байгаагаа мэдэгдсэн. Ялангуяа шинэ он гарснаас хойш БНАСАУ шинэ төрлийн хатуу түлшээр ажилладаг баллистик пуужин амжилттай туршсанаа зарлаж, цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай шумбагч дрон мөн хөгжүүлж байгаагаа танилцуулсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ч Умард бараг сар тутам пуужин харваж НҮБ-ын тавьсан хоригтой зөрчилдсөн. Энэ сарын эхээр мөн Өмнөд Солонгостой байгуулсан дахин нэгдэх үндсэн зорилт гэрээ дуусгавар болсныг зарлаж, БНСУ бол тэдний голлох дайсан гэж тодорхойлсон. Улмаар Умард дайнд бэлдэж байна гэх түгшүүр олон улсад өсөн нэмэгдсэн. Өмнөдийн талаас ч ерөнхийлөгч Юүн Сог Ёль Умард Солонгос өдөөн хатгасаар байвал хариу арга хэмжээг нь хэд нугалж авна гэж засгийн газартаа хандаж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.