Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол цэргийн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол цэргийн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд, “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, сонсогч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа,

Эрхэм хүндэт ахмад дайчид, цэргийн бэлтгэл үүрэгтнүүд ээ,

Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа,

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын баталгаа болсон Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт 103 жилийн ойн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Түүхт ойн баярын энэ өдөр, өвөг дээдсээсээ өвлөн үе дамжин хайрлан хамгаалж ирсэн тусгаар тогтнолын төлөөх монгол цэргийн ялалт, амжилтын дайчин түүхийг баяжуулж байгаа Та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч сэтгэл хангалуун байна.

Баатарлаг түүхтэй монгол цэрэг, үе үеийн ахмад дайчид эх орноо батлан хамгаалахын зэрэгцээ улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, их бүтээн байгуулалт, гадаад харилцаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх гээд нийгмийн бүхий л салбарт ямагт манлайлан зүтгэж ирснийг төр, засаг, ард түмэн өндөр үнэлдэг билээ.

Эдүгээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үндсэн үүргээ биелүүлэхээс гадна улс орноо хөгжүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үер ус, цас зудын гамшиг нүүрлэсэн хүнд цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үйлсийн тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах энхийг эрхэмлэсэн Монгол төрийн гадаад бодлогыг бодитойгоор хэрэгжүүлэн, даян дэлхийд энх амгаланг тогтоох ариун үйл хэрэгт хүчин зүтгэж, эх орон, ард түмэн, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөн “Дэлхийн цэрэг” хэмээгдэх болсон цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдынхаа амжилт бүтээл, гавьяа зүтгэлийг бахархан тэмдэглэхэд таатай байна.

Эрхэм нөхөд өө,

Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэхэд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлага онцгой анхаарч, үр дүн, ахиц гарган ажиллаж байна. Цаашид төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлж, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэлдээ улам их амжилт гаргана гэдэгт Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч итгэл төгс байна.

Зэвсэгт хүчний нэр хүндийн илэрхийлэл, монгол цэргийн бахархал болсон цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг улам батжуулан бэхжүүлэх нь Төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний эрхэм үүрэг болохыг онцлон тэмдэглэж байна.

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан ахлагчийн бүрэлдэхүүнийг чадавхжуулан хөгжүүлэх, тэдний гэр бүл, нийгмийн хамгаалал, ажлын орчныг сайжруулахад бодит ахиц дэвшил гаргана гэдэгт итгэл дүүрэн байна. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн, хоорондоо нягт уялдаа холбоотой “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд эх оронч үзлийн эх ундарга, төрийн албаны үлгэр дуурайлал болсон Та бүхний хүчин чармайлт нэн чухал юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэ зууны түүхийн хуудсыг бичилцэж буй Та бүхний эх орноо батлан хамгаалах их үйлсэд өндөр амжилт хүсэж, гэр бүл, үр хүүхдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар бадартугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийт нутгаар зам, даваа саадгүй байна 2024-03-16

Эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ 2024-03-17

СХД-ийн 8-р хорооны иргэд газраа орон сууцаар солих боломжтой.  2024-03-17

Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газраас манай улсад 8 500 тонн хүчит тэжээлийн дэмжлэг үзүүллээ 2024-03-18

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн барилдаанд улсын начин Л.Отгонбаатар түрүүллээ 2024-03-18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол цэргийн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв 2024-03-18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа 2024-03-18

Дэлхийн дийлэнх улс орон цэргийн баярыг тэмдэглэдэг. 2024-03-18

Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна. 2024-03-18

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Япон, Хятад, Солонгос улс саналаа ирүүлсэн байна.  2024-03-18

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа 2024-03-19