Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй 28 шатахуун түгээх станц байснаас 10-ыг нь хаажээ
Төрийн 17 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг шатахуун түгээх станцуудад шалгалт хийжээ.
Энэ талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү ярихдаа “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй найман агуулах, 614 шатахуун түгээх станц болон автомашин хийгээр цэнэглэх станц, 251 шатахуун тээвэрлэх цистерн машиныг шалгалтад хамрууллаа. Газрын тосны бүтээгдэхүүний агуулах хоёр, ШТС 61, автомашин хийгээр цэнэглэх станц тав, орон нутагт гурван ШТС зай хэмжээний зөрчилтэй байв. Өөрөөр хэлбэл, барилгаас ШТС-ыг хол зайд барих хэмжээг зөрчсөн. Зай хэмжээний зөрчлийн 80 хувь нь ШТС-рүү хүрч барилга баригдсан бол 20 хувь нь ШТС зай хэмжээ зөрчиж барилга байгууламжид ойрхон барьсан гэх дүгнэлт гарлаа” гэв.
Шалгалтын үеэр ШТС, газрын тосны агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцын барилга байгууламжид 2967 зөрчил илрүүлж, газар дээр нь 834 зөрчлийг арилгуулсан бол 14.6 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 28 ШТС зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байснаас 10-ыг нь хааж, 18-ынх нь үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг ШШГЕГ-т шилжүүлсэн байна. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 28 ШТС нь дөрвөн төрлийн зөвшөөрөл авах ёстойгоос аль нэгийг нь аваагүй байсан аж.
Шалгалтын хамрагдсан ШТС-уудаас орц, гарцын анхааруулах тэмдэггүйгээс талбай дээр нь такси болон бусад тээврийн хэрэгсэл удаан зогсдог, гэмт хэргээс сэргийлэх зорилгоор ажилтнуудаа сургалтад хамруулаагүй, гэрээт хамгаалалт байхгүй, аюулгүй байдлын дохиололгүй, цонхнууд хамгаалалтгүй, аюултай ачаа тээвэрлэх талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, зөвшөөрөл аваагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Улаанбаатар хотод 57 автомашин хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаа явуулж байгаагаас 30 машины сав нь ил байршиж байна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн зайг тодорхойлсон стандарт Монгол Улсад байхгүй тул шинээр боловсруулж мөрдүүлэх нь зүйтэй гэж дүгнэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.