Илүү цагаар ажилласан албан хаагчдыг 855 сая төгрөгөөр урамшуулжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан долоо хоногт 1-2 удаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байхаар болсон. Энэ долоо хоногийн ээлжит мэдээллийг хүргэж байна. Тэрбээр мэдээллийн эхэнд дэлхийн зарим оронд коронавирус өвчний халдвар ямар байгаа талаар мэдээлэл өгсөн. Мөн сайжруулсан нүүрсний хэрэглээний талаар мэдээлэл хийв.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “2019 оны аравдугаар сарын 1-нээс эхэлж түүхий нүүрс хэрэглэхгүй, сайжруулсан түлш хэрэглэх өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажилласан. Энэ өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дөрөвдүгээр сарын 1-нд дууссан. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дууссан хэдий ч сайжруулсан түлштэй холбоотой өвөлжилтийн бэлтгэлээ хангах, цаашлаад сайжруулсан түлшийг дүүрэг бүрт хүндрэл бэрхшээлгүй хүргэх, шаардлагатай тохиолдолд борлуулалт, нийлүүлэлтэд дүүргүүдийн удирдлагууд анхаарч, зохион байгуулахад оролцоно.
Өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд 165 мянган угаарын хийн мэдрэгч тараагдсан байгаа. Дараагийн 65 мянган угаарын хийн мэдрэгч энэ долоо хоногт гаалиар орж ирнэ. Хоёр долоо хоногийн дотор нийслэлийн гэр хорооллыг угаарын хий мэдрэгчээр бүрэн хангаж дуусна. Угаарын мэдрэгчтэй холбоотой санал, гомдлыг авч ажиллаж байгаа. Сайжруулсан түлш, түүний нөөцтэй холбоотой ажлыг шат шатандаа хийж ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд илүү цагаар ажилласан нийслэлийн 43 байгууллагын 2090 албан хаагчдыг энэ гуравдугаар сард нийт 855.9 сая төгрөгөөр урамшуулсан.
Албан хаагчдад илүү цагийн урамшуулал олгосон. Эдгээр хүмүүс өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс сайжруулсан түлшийг хэрэглэгчдэд хүргэхтэй холбоотойгоор илүү цагаар ажилласан. Мөн сая коронавирус өвчний халдвартай холбоотойгоор нийслэлийн албан хаагчид илүү цагаар ажилласан” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.