Тетрис тоглоом 40 жилийн өмнө гарч байжээ
Яг 40 жилийн өмнө хуучин ЗХУ-ын залуу эрдэмтэн Алексей Пажитнов тухайн үед байсан аль ч тоглоомоос онцгой компьютерын тоглоом зохион бүтээжээ.
Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тооцооллын төвд ажилладаг тэрбээр уйдахдаа нэгэн компьютерын тоглоом сэджээ. Анхны энгийн хувилбар нь 1984 оны зургаадугаар сарын 6-нд бэлэн болжээ. Ингэж хэтэрхий энгийн хэр нь сонирхолтой Тетрис гарч ирж, хожим нь дэлхий дахиныг байлдан дагуулна.
Тетрис тухайн үеийн “төмөр хөшиг”-ийг хэрхэн нэвтэрч, дэлхийд түгсэн түүх нь адал явдалт зохиол л гэсэн үг. 1989 онд Японд ажиллаж байсан АНУ-ын программист Хэнкс Рожерс Унгар улсад томилолтоор явах үед энэ тоглоомыг анх удаа харсан даруйд асар их ирээдүйтэй гэдгийг нь олгосон байна. Тэрбээр энэхүү тоглоомыг овор хэмжээ том компьютер бус харин авч явах боломжтой хэрэгсэл дээр тоглодог хувилбарыг гаргахаар шийдсэн аж. Гэхдээ үүний тулд тэр зохион бүтээгчээс нь албан ёсны зөвшөөрөл авах ёстой байв. Түүний эрэл хайгуул хүйтэн дайны дараа бага зэрэг хайлж эхэлж байсан Москва хот руу хөтөлжээ. Тэрбээр Пажитновын ажиллаж байсан “Электроноргтех” газарт очиж, Алексей Пажитновтой танилцсан байна. Уулзалт дээр КГБ-ийн ажилтнууд хүртэл байлцжээ. Тухайн үеийн зөвлөлтийн түшмэлүүдэд зохиогчийн эрхийн талаар ямар ч ойлголтгүй байсан гэж Рожерс хожим нь дурссан байна. “Рожерс надад таатай сэтгэгдэл төрүүлсэн анхны бизнесмен. Тэр жинхэнээсээ тоглоомыг мөн чанарыг ойлгосон” гэж Пажитнов ярьсан байдаг. Долоо хоног үргэлжилсэн хэлэлцээний дараа талууд гэрээ байгуулжээ. Зөвлөлтийн зохион бүтээгч хэзээ ч сонсож байгаагүй их хэмжээний хувь хүртэх болов. Хилийн чанадад борлуулсан тоглоом бүрээс хувь авахаар болжээ.
Өнөөдөр Тетрис нь тоглоомын түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг. Амьдралдаа ядаж нэг удаа олон өнгийн дүрсийг эвлүүлэн унагаж үзсэн хүний тоо дор хаяж нэг тэрбум байдаг байна. Хожим нь Пажитнов АНУ руу гарч, Рожерстой хамтран компани байгуулжээ. Компьютер тоглоомын ертөнцөд алдартай зохион бүтээгч өдгөө Вашингтонд амьдарч байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.